Д.БЯМБАСҮРЭН
2020 оны эхнээс өрнөсөн нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явдлууд Монголын шинэхэн түүхэнд нэгэн эгзэгтэй мөч болж үлдэх дүр зураг тодорч байна. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш өнгөрсөн 30 жилийн түүхийн сургамж, одоо цагийн Дэлхий ертөнцийн “ээдрээтэй, түгшүүртэй” нөхцөл байдлын өнгөн дээр нийгмийн амьдралын олон асуудалд оновчтой хариу олохыг шаардах болсон.
Шинэ жилийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ жил эрс шинэчлэлийн жил болно” хэмээн зарлаад төрийн дээд гурван субъект “гар нийлж ажиллах болсон” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ бол гурван “бүдүүн” дарга нарын хоорондын харилцааны асуудал төдий биш, 30 жил өрсөлдсөн гол улс төрийн хүчнүүдийн төр дэх дээд төлөөллийн ойлголцол, хамтын ажиллагаа, улс үндэснийхээ амьдралын гол асуудал дээр нэгдсэнийг нотолсон улс төрийн тунхаглал болсон юм. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) хэмээх төрийн амин чухал институт, архаг саажилтаас салсны дохио гэж үзэж болох байлаа. Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа баялгийн хуваарилалтаас эхлэн төрийн тангарагтай түшмэд, улс төрийн намуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар өгсөн амлалтууд бодит амьдралд хэрхэн хэрэгжихийг нийгэм хүлээж байлаа.
Энэ оны эхэн дээр Дэлхийг хамарч дэгдсэн цар тахал Монголчуудад төдийгүй нийт хүн төрөлхтөнд Дэлхий бөөрөнхий хэвээр байгааг тод харуулж, бусдын хүчээр бүтсэн, жаргалтай амьдралын орд харш эрэхээс илүү өөрийн овоохойгоо өөд татахын чухлыг анхааруулсан нь энэ жилийн өнгөнд арилшгүй ул мөрөө үлдээж байлаа.
Их гүрнүүдийн дунд дүрэлзэж эхэлсэн эдийн засаг, мэдээлэл, кибер системийн дайны гал хөндлөнгийн улс орнуудын хэний ч амьдралд галт шуурга болон түйвээж болохын зах зухыг монголчууд ч амсаж үзлээ.
Өнгөрсөн гурван жил ажилласан Засгийн газар нийгэмд шударга ёсыг сэргээж, Улаанбаатарын утааг арилгах зэрэг зарим том асуудлыг оновчтой шийдэж, цар тахлыг улс орондоо нэвтрүүлэхгүй тогтоон барьж, уул уурхайн зарим олигархиудын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон нь улс төрийн тогтвортой нөхцөлд нийгэмд эерэг өөрчлөлтүүд гүнзгийрч болох юм гэсэн найдвар төрүүлж байлаа.
Эдгээр хүчин зүйлсийн орчин нөхцөлд 2020 оны гол үйл явдлууд өрнөж байна.
1. Улсын Их Хурлын сонгууль, төрийн төрх
Улсын Их Хурлын ээлжит сонгууль томсгосон тойргоор хугацаандаа болж өнгөрөв. Сонгуулийн өмнө Улсын Их Хурлын 40 гаруй гишүүн “60 тэрбум”, “ЖДҮ”-гийн гэх мэт хууль бус үйлдэлд нэр холбогдож, эрх баригч намын удирдлага тэднээс салах байр сууриа илэрхийлсэн нь нэг талаас, төрд шинэ хүмүүс оруулах хүсэл эрмэлзлийг дэмжиж, нөгөө талаас “төрдөө зүтгэх” хүсэлтэй нам, хувь хүмүүсийн идэвхийг өрнүүлэв. Сонгуульд 11 нам, дөрвөн эвсэл, 608 бие даагч, нэр дэвшигч оролцсон нь төрийн сонгуулийн түүхэнд тохиолдсон онцлог үзэгдэл болов.
Сонгуульд оролцож байгаа намуудын олонхийн үзлийн мөн чанар, чадал тэнхээ, шинжлэх ухааны үндэслэл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үед үнэн дүрээ харуулсан ч сонгуулийн үеэр сонгогчдод тал засахын тулд “Алтан нарыг алган дээр нь тавьж, мөнгөн сарыг хүзүүнээс нь зүүж өгөх” амлалт цөөнгүй цууриатаж байлаа.
Аль ч нам улс орондоо төлөвшиж буй олигархи засаглалтай “зэрлэг” нийгмийн тогтолцоо, нийгмийн ялгарал, эдийн засгийн үр ашиггүй тогтолцоо, өр төлбөрийн эргүүлгийн учир шалтгааныг оношлон ил хэлж, тэглэх арга замыг томьёолж тодорхойлсонгүй.
Яндашгүй их баялгийн санг нээж, ядуурал, хоцрогдлыг гэтлэх, “наян жилийн найр, жаран жилийн жаргал” эдлүүлэхийг л амлах нь намуудын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн нийтлэг нэгэн утга болж байлаа. Үндэснийхээ эдийн засгийн чадал бололцоог үл харгалзан амласан зүйлээр халхавчлан сонгуулийн дараах бүрэн эрхийн хугацаанд гадаадаас аль болох их зээл авч, бонд гаргаж, олсон мөнгөө “бүтээн байгуулалт” нэрээр элсэнд цутгаж, шүүрсэн ашиг орлогоо халааслан одогч улс төрч-олигархуудын дүр өөрчлөгдсөнгүй. Буурай хөгжилтэй улс орнуудын эдийн засгийг даяаршлын дарцгаар хошгируулж, өрийн нүхэнд унагадаг “эдийн засгийн алуурчид” буюу шинэ колоничлолыг номлогчдын үзэл Монголын улс төрийн орон зайг бүхэлд нь эзэлсний бодит илрэл энэ буюу.
Сонгуульд нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нэн сонирхолтой байлаа. Нэг талаас төрийн жолоо барихын хариуцлага, хүлээх үүргийн талаар бүдэг бадаг төсөөлөлтэй боловч сургууль төгссөн дипломоо “биеэ зассан”-ы баталгаа гэж андуурч, зээлээр авсан машинаа “гэрээ зассан”-ы гэрч хэмээн эндүүрсэн нэр дэвшигчид цөөнгүй байхад, нөгөө талаас, төрийн сангаас чамгүй хумсалж, түмний нүдэнд өргөс болсон цөөнгүй хүмүүс намуудын жагсаалтаар нэр дэвшжээ.
Намууд нэр дэвшүүлэлтэд ингэж хандсан нь дотоод зөрчлийнхөө асуудлыг сонгогчдоор шийдүүлэх “уран арга” ч байж болох юм. Гэвч энэ нь тухайн улс төрийн хүчний чанар, хариуцлагыг л харуулна шүү дээ. Хотын гудамж талбай дурсгалын зургаар дүүрч, Сонгуулийн дүн гарав. Сонгуулийн өмнө улс оронд хуран бүрдсэн нөхцөл, нийгмийн хандлагын үндсэн дээр МАН төрийн эрх баригч нам хэвээр үлдэх магадлал нэн өндөр байсан ч 2016 оны сонгуулийн дүн давтагдахад МАН-ынхан өөрсдөө ч төдий л итгээгүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз.
Зарим улстөрч сонгуулийн дүнг намуудын хэрэглэсэн сонгуулийн технологи, зарцуулсан мөнгөөр тайлбарлаж байгаа боловч үйл явдлын учир шалтгаан, нийгмийн талаас гүн гүнзгий зүй тогтол, объектив утгатай гэж үзэх нь илүү оновчтой болов уу. Учир нь:
Нэгдүгээрт, монголчууд 1990 оноос хойш найман удаа төрийн сонгууль явуулахдаа голлох улс төрийн хүчнүүдийн байр суурийг байж болох бүх найрлагаар сольж үзсэн боловч улс төрийн орон зай буюу “Аргын орон” тогтворжиж чадаагүй, амьдралын доргион савлагаа тасраагүй билээ. Энэ нөхцөлд төрийн тогтвортой байдал, бодлогын эерэг тууштай чиглэл, нийгмийн хүлээлт болж байв.
2017 онд байгуулагдсан Засгийн газар ийм хүлээлтэд нийцсэн бодлого явуулж, бодитой үр дүнд хүрсэн нь МАН-ын сонгуулийн амлалтаас илүүгээр Засгийн эрх барьж байгаа төрийн зүтгэлтнүүдийн багт итгэх үндэс болсон юм.
Хоёрдугаарт, 1990 оноос хойш нийгмийн, ардчилсан хувьсгалын үзэл санааны тугч байж, ардчиллын үнэт зүйлийг өвлөн тээгч мөн гэж өөртөө итгэж явсан улс төрийн гол хүч болох Ардчилсан намд сонгогчид гурван удаа дангаар засаглах боломж олгосон ч дотоод зөрчил, хувь хүмүүсийн шуналаар өдөөгдсөн эрх мэдлийн төлөө тэмцэлдээ идэгдэн тухай бүр төрийн тогтворгүй байдал үүсгэж, улс орныхоо язгуур эрх ашгийг хөндсөн олон асуудлаар эргэлзээтэй бодлого баримталж, алдаатай үйлдэл хийх болсон билээ. 2006 онд Ардчилсан намын толгойлсон Засгийн газрыг түлхэн унагасан М.Энхболдын “цоохор” Засгийн газарт шуранхайлан оролцож, Монголын түүхэнд анх удаа олигархиудын засаглалын салхийг хагалав. 2008 оны долдугаар сарын 1-ний цуст үйл явдлын дараа МАХН (одоогийн МАН)-ын хөнжилд орж, Оюутолгойн гэрээг улс орондоо нэн хохиролтойгоор байгуулж, нэр нүүрээ бузарлав. 2012 оны сонгуулиар засгийн эрх барих үедээ гадаад, дотоодын олигархиудын захиалгаар засаглал явуулж, үндэснийхээ эдийн засгийн нэгдмэл орон зайг бутарган, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг сууриар нь ганхуулсан билээ. АН 2016 онд улс орноо эдийн засгийн дампуурлын ирмэгт хүргэж, сонгуулиар хүнд цохилт авсан боловч үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаандаа эрүүл дүгнэлт хийх чадваргүй байсаар 2020 оны сонгуульд томоор ялагдав. АН-ын удаа дараагийн энэ ялагдал нь капиталын эрх ашгийг улс үндэстнийхээ эрх ашиг, төрт ёсныхоо үзлээс дээгүүр тавьсан, мөнгө шүтсэн, неолиберал үзлийн ялагдал юм.
АН-ын удирдлагад бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг ч байсан, боломж ч байсан.. Гэвч ашиглаагүй. Төрийг улам сулруулж, арилжааны объект болгохын төлөө эцсээ хүртэл улайран зүтгэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр тод харагдсан юм.
Энэ бүхэн 2020 оны сонгуулийн дүнг тодорхойлжээ. Энэ цагийн өнгөн дээр болох юм болж өнгөрлөө гэж үзэж болох ч гэсэн цаашид хариу нэхсэн суурь асуудал үлдэж байна.
Энэ нь юуны өмнө эрх баригч МАН үндэсний зөвшилд хүрсэн хөгжлийн бодлого томьёолж, нийгмийнхээ хүчийг нэгтгэж чадах эсэхтэй холбоотой. Зөвхөн энэ нөхцөлд нийгэмд улс төрийн тогтвортой байдал, хадгалагдана.
УИХ-ын Анхдугаар чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ сүүлийн таван сонгуулийн дүнгээс үзвэл АН-д сонгогчдын өгсөн саналын хувь тасралтгүй буурч байгааг анхааруулсан билээ.
Ардчилсан нам нийгмийн итгэл дэмжлэгээ сэргээж, улс төрийн хүчний хувьд ардчиллын амин сүнс болсон улс орны оршихуй хийгээд хөгжил дэвшлийн олон эшт үзлийн баталгаа байж чадах эсэх нь нийгмийн цаашдын тогтвортой байдлын хоёр дахь суурь асуудал болж байна.
Энэ бүхний шийдэл тухайн улс төрийн хүчнүүдийн эволюцийн асуудал юм. Үндэснийхээ үнэт зүйлсийг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлстэй оновчтой шүтэлцүүлсэн улс төрийн хүчний орон зай одоогоор нээлттэй хэвээр байна.
2. Улсын Их Хурлын чуулган, төрийн бодлого
УИХ-ын Анхдугаар чуулган Засгийн газраа байгуулж, ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотгол, зээлийн хүүг бууруулах стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны Хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэв.
Энэ бүхний дүнд шинэ төрийн араншин хийгээд бодлогын үндсэн шинж төрхийг багцаалж болох нөхцөл бүрджээ. Тухайлбал,
2.1. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн
Алив нэгдэхүүний чанар бүтцээсээ хамаардаг хорвоогийн хууль төр, нийгэмд ч хүчин төгөлдөр байдаг нь жам юм. Иймээс УИХ-ын сонгууль бүрийн дараа Засгийн газрын бүтэц батлагдахад тухайн төрийн чадал чансаа, ашиг сонирхлын дүр зураг тодорч эхэлдэг.
Энэ удаад Засгийн газар байгуулахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад санаачилгын өргөн боломж олгож, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн шахалтаас ангид байх эрх олгосон нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалд шинэ хандлагын хүлээлт үүсгэж байлаа.
Ерөнхий сайд УИХ-д оруулж батлуулсан Засгийн газрын бүтэц нь засаг цомхон байх зарчимд нийцэж байгаа боловч эгзэгтэй хүнд цагийн тээрэмд зүтгэж явсан хөгшин илжигний байр сууриас харахад сүүлийн 25 жил ужгирсан Засгийн газрын тухай өрөөсгөл ойлголт хэвээр үлджээ. Энэ нь:
1. Шадар сайдын албаны утга агуулга бүрэн хэрэгжиж чадсангүй. Хэдийгээр Ерөнхий сайд тэнхимийн ажлыг бүрэн хариуцах боловч, тэр нь “бүхнийг мэдэгч …” байж чадахгүй, байх ч албагүй. Олон талын оролцоо, эрх ашгийг хөндсөн төвөгтэй асуудлыг Шадар сайдын түвшинд сайтар шүүн тунгааж, зөвшилд хүргэж шийдэх нь Засгийн газрын шийдвэр алив явцуу сонирхол, өрөөсгөл хандлагаас ангид байх нэгэн баталгаа болох бөгөөд Засгийн газрын хурлаар асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд шүүгчийн байр сууринаас хандах боломж олгодог юм л даа.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин