Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар хэлэлцэж, 62,5 хувиар дэмжлээ. Хуралдаанд 19 гишүүний 16 нь оролцсон бөгөөд 10 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн юм.
14.30 цагийн үед эхэлсэн хуралдаан нэлээн ширүүн өрнөлөө. Гишүүд чин сэтгэлийн болон гомдлын үгээ хэлж, Ерөнхий сайдын тэсгэл алдсан уу хараалын үг хүртэл хэлээд амжсан.
Гишүүдийн хэлсэн үгээс хүргэж байна.
С.БЯМБАЦОГТ: ҮЛ ОЙЛГОЛЦОЛ НЬ ҮЗЭН ЯДАЛТ БОЛЧИХЛОО
Ард түмнийхээ итгэлийг даана гэж ярьж байсан бол жилийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. Асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, алдаагаа засаж, амжилтаа тодотгоосой гэж үзсэн. Гэвч бүлэг дотроо, намдаа, Удирдах зөвлөл дээрээ ярилцаад ойлголцъё гэсэн боловч чадалгүй 27 гишүүн гарын үсэг зурсан. Алдаагаа засахгүй юм байна. Үл ойлголцол нь үзэн ядалт болчихлоо.
Алдаагаа засахгүй юм байна. Үл ойлголцол нь үзэн ядалт болчихлоо
64 суудалтай намын дарга та МАН олонх болж орон нутагт ч эрх барьж байна. Та энэ бүхэнд илүү ач холбогдол өгч санаа зовж байна. 27 гишүүн кноп дарвал намаасаа хөөнө гээд явах юм бол ойлголцохгүй.
УИХ, Засгийн газар, нам, төр бүгд муухай харагдаж байна. Нэг хэсэг нь сайхан нөгөө хэсэг нь муухай харагдаж байгаа юм биш. Муухай харагдаж байгаа бүлгийн толгойлогч нь та. Энэ бүхнийг шийдлийг та гаргах ёстой. Уужуу хандаж, тодорхой хариулт өгөөч.
У.ХҮРЭЛСҮХ: ҮҮНЭЭС ЦААШ ЦАГ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ АНХААРУУЛЪЯ
Мэдээж алдаа оноотой, засаж сайжруулах зүйл бий. ЖДҮ-тэй холбоотой асуудал гарч ирсэн нь ч болж гэж би бодож байна. Хүмүүст сануулга өглөө. Ард түмэн харааж зүхэж байгаа ч гэсэн Монголд төрд хэрэгтэй зүйл боллоо.
Хулгай хийж, хумсалж болохгүй юм байна. Дарга хүн иргэн хүн гэж бодож болохгүй бусдаас арай дутуу байх ёстой юм байна гэж бодогдуулсан байх. Хэн нэгнийг ялж байна гэж биш ухаарал хайрлаж байна гэж бодож байна.
Хэн нэгнийг ялж байна гэж биш ухаарал хайрлаж байна гэж бодож байна
Засаж залруул гэдгийг хүлээн авч байна. Засаж залруулна, гэхдээ зарим нэг хүнтэй хатуу хариуцлага тооцно гэдгээ дахин сануулъя. Нөхөр Я.Содбаатар гэж хүнийг яриад байна. Энэ хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, шалгагдаад гараад ирвэл хариуцлага тооцно. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн.
Төрөө ч намаа ч цэвэрлэх цаг болсон юм байна. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэж үг бий. Одоо л зориг гаргахгүй бол цаг нь оройтох юм байна. Одоо цаг нь болсон. Үүнээс цааш цаг гэж байхгүй. Төрийн байгуулалтын хорооны хурал дээр анхааруулаад хэлчихье.
О.БААСАНХҮҮ: ХЭН ЯГ ЮУ ГЭЖ ХЭЛЭЭД ҮГЭНД ЧИНЬ ОРОХГҮЙ БАЙГАА ЮМ, НЭГ Л БҮРХЭГ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ
Хариуцлага тооцъё гэдэг Ерөнхий сайдын үгэнд баярлаж байна. Хариуцлага тооцох гэсэн болохгүй байна гэж байсан, бодвол хууль хяналтын байгууллага үгэнд нь орохгүй байна гэж байсан. Яг хэн нь юу гэж хэлээд үгэнд нь орохгүй байгаа юм. Нэг л бүрхэг юм яриад байх юм. Сошиалаар л ална, хядна гээд л аймшигтай юм яриад байх юм.
Танай намын сүржин мэдэгдэлтэй даржин үйл ажиллагаа чинь таалагдахгүй байна
Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Батзориг гээд асуудалтай хүмүүсийг нь огцруул гэсэн. Ч.Хүрэлбаатар сайд их хариуцлагагүй юм ярьж байна. Сайд нь гомдоод чуулганд оролцоогүй юм байна. Танай намын хэрүүл төрийн хэрүүл болж, танай намын зодоон төрийн зодоон болж жирийн ажлаа хийгээд явж байгаа мань мэтийг ажил хийлгэхгүй байна.
Танай намын сүржин мэдэгдэлтэй даржин үйл ажиллагаа чинь таалагдахгүй байна. 65 суудал өгсөн 60 тэрбумыг ярьсаар байгаад 2 жил өнгөрлөө. Сайн нөхрийн эхнэр дарга байх ёстой юм уу. Танай намын эхнэр, нөхөр, нууц амрагаар хамаг дарга нарын суудал дүүрлээ. Танай намд боловсон хүчин гэж байдаггүй юм уу. 20 настай дарга байна. Энэ бүхэн чинь 60 тэрбум юм биш үү. Та хувьсгалд уриалсан. Хувьсгал чинь 1920 онд дууссан. Одоо өөрчлөлт хий. Таныг намын ажлаа хийхэд чөлөө олгоё.
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГ ХОВООР АЖИЛ ЯВУУЛДГАА БОЛИМООР БАЙНА
Сураг, ховоор ажил явуулдгаа болимоор байна. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь дан сургаар байна. Ганц бензин шатахууны үнийн өсөлтийн асуудал л үндэслэлтэй байна. Гэхдээ дан ганц бидний ажлаас шалтгаалж валютын ханш, шатахууны өсөлтийг шийдчихдэг бол Засгийн газар огцроход бэлэн байна. Бид үүнийг хянах бололцоогүй. Асар их мөнгөр үнэ тогтворжуулдаг ажлыг хийхгүй л гэж байгаа юм. Засгийн газар огцроод АНУ, Сирийн дайныг зогсоочихдог бол болж байна. МОнгол төгрөг юань, рублийн эсрэг чангарсан байна.
С.МӨНХ-ОРГИЛ: ХАМТ СУУЖ БАЙГААД ТЭРБУМ, ТЭРБУМААР НЬ ЗЭЭЛ ӨГСӨН ЧИНЬ СУРАГ ЮМ УУ?
Намын ажил яриагүй. Бид төрийн түшээ, төрийнхөө ажлыг ярьж байна. УИХ Засгийн газрыг томилдог, шаардлагатай үед нь хариуцлага тооцдог. Г.Занданшатар сайд аа тооцоо судалгаагүй юм яриагүй шүү. Хамт сууж байгаа сайд, намын нарийн бичгийн даргадаа тэрбум тэрбумаар нь зээл өгсөн чинь сураг юм уу.
Хариуцлага ярьж байгаа 27 гишүүн чинь нэг нэг суудал авсны хүчинд сайд болоод сууж байгаа шүү
У.Хүрэлсүх сайд та нартай хариуцлага тооцно гээд байдаг тэгсэн хэр нь өөрийнхөө кабинетийн гишүүдэд хариуцлага тооцохгүй байгааг нь яриад байна. Хууль хяналтын байгууллагын ажлыг хийгээд хуулийн хариуцлага тооц гээгүй. Ёс зүйн хариуцлага хүлээлгэ л гээд байгаа юм. Эрх баригч нам шүү дээ, 65 суудал авахын төлөө хэн хэн яаж зүтгэсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Хариуцлага ярьж байгаа 27 гишүүн чинь нэг нэг суудал авсны хүчинд сайд болоод сууж байгаа шүү дээ. Ичмээр ч юм шиг, гутармаар ч юм шиг зүйл болж, Засгийн газар ажиллаж чадахгүй болсон тул Засгийн газар ч тэр УИХ ч тэр тар гээд байгаа юм. Ард түмэн чинь хэнд нь ямар дүн тавихыг харъя.
О.СОДБИЛЭГ: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЁС СУРТАХУУНЫ АСУУДАЛТАЙ
Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан шалтгааныг гишүүд хэллээ. Манай намын мөрийн хөтөлбөрт ЖДҮХС багтсан. Бодитой, хэрэгтэй хүнд нь олгоно гэж бид танилцуулсан. Эрсдэлтэй байсныг нь сангийн сайд хэлээд байна шүү дээ. Тэгээд мэдээд байсан юм бол яагаад сайд нартаа тарааж байгаа юм. Энэ бол засгийн газар цаашид ажиллах ёс суртахууны асуудалтай гэж бид үзээд байгаа юм.
ЖДҮ-ийн асуудал бол гишүүдэд маш их ханддаг. Төрөл бүрийн төсөл 5-10 сая төгрөг хүсээд иргэд ханддаг. Гэтэл үүнийг нь тэрбумаар нь гишүүд, сайд нар нь авчихдаг юм байна. Гарын үсэг зурсан 27 гишүүнийг янз бүрээр дуудаж, цоллож байна. 27 гишүүн суудал авч байж энэ Засгийн газрыг байгуулсан. Салбар хариуцсан сайд нар нь асуудал хэлэлцэхээр орж ирдэггүй.
Д.ХАЯНХЯРВАА: БАГА ЯРЬ, ИХ ХИЙ. БӨӨН ПИАР
Та нарын яриад байгаагаар бол Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийг хангаад сайхан болголоо гэж байх шиг байна. Ж.Эрдэнэбатын засгийн газар ажиллаж байхад буюу жилийн өмнө 1,4 хувьтай байсан. Харин огцроход 6 хувьтай байсан. Одоо 6,4 хувьтай байна. 0,4 хувийн л өсөлт байна шүү дээ. Тоо нь байна. Ерөнхий сайд аа намын бүлгийн хурал дээр ч хаана ч хэлдэг үгээ хэлж байна. Танд маш их дутагдал байна. Танд Ерөнхий сайд хийх чадамж алга. Хариуцлагын асуудал ярихад та хэзээ ч хүлээж авдаггүй.
Бага ярь, их хий гэж танай Засгийн газрыг байгуулагдахад хэлж байсан. Өнөөдрийг хүртэл эсрэгээр нь хйиж байна
Та энэ алдаагаа засахгүй бол цаашид багаар ажиллах, хүн удирдах чадамж танд алга байна. Юманд тооцоо судалгаатай хандаж чаддаггүй ганц л жишээ хэлье. Бага ярь, их хий гэж танай Засгийн газрыг байгуулагдахад хэлж байсан. Өнөөдрийг хүртэл эсрэгээр нь хйиж байна. Бөөн ПР. Ажил, амьдрал мэдэхгүй, хүн хоорондын харилцаан дээр ажил явдаг гэдгийг мэддэггүй. Та цэргийн хүний захирагч, коммандалж хийдэг гэж бодож байгаа чинь эндүүрэл. Таны сэлэм тойрсон асуудал чинь хий жүжиг болж хувирлаа. Бүх рекламаа тэгж явуулна. Та сэлэмтэй байж болно, та ажил амьдралын ухаантай, хүмүүсийг эвлэрүүлэн нэгтгэдэг байх ёстой. Та харгис хэрцгий ажиллана гэж бодож байвал цаашдаа ч энэ ажилд тэнцэхгүй. Тиймээс би таныг огцруулна.
Н.АМАРЗАЯА: ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА ТОГТВОРТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭС МӨН ҮҮ?
Намын бүлгээ хоёр хагалж, Өмнөх засгийн газраас дордсон. Үйл ажиллагаа, үзэл бодол суртал нь дордсон, төрөөс хулгай л гарч байна. Эдийн засгийн бодлогын хувьд алдаатай, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй, салбар яамдын уялдаа холбоогүй, Сангийн сайдын удаа дараа алдаатай мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Төсөв батлах эрх бидэнд бий. Жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгаа нь Засгийн газрын асуудал. Засгийн газрын асуудал улс орон, нийт ард түмний нийтлэг эрх ашиг. Хууль бус ажиллагаа тогтвортой үйл ажиллагааны үндэс мөн үү.
Д.ЭРДЭНЭБАТ: АСУУДАЛ ДЭНДҮҮ ХОЛ ЯВЧИХЛАА
Гишүүдээс арай өөр зүйлийг сануулж, хэлэх гэсэн юм. АН Засгийн газрыг огцруулах зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Асуудал үүнээс дэндүү хол явчихсан гэдгийг олонхийн бүлэг санах цаг болсон. Төрийн ой санамжийг сануулмаар байна 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд тэр үеийн нийгмийн бухимдлыг дарах, Монгол Улсыг Ардчилсан улс болгохын тулд нийгмийн сэхээтнүүд орж ирж байсан.
Төрийн ой санамжийг төрийн хүн заавал санаж байх ёстой гэж У.Хүрэлсүхэд хэлмээр байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх гуай улс төрийн товчоо тойрон хүрээлэгчдийг хал гэсэн саналаар өөрийнхөө саналаар огцорч байсан. Тэр үед төрийн хүний, ухаалаг хүний хийсэн маш оновчтой алхам байсан. Зөвхөн эрх мэдлийн төлөө, зарим зүйлээ нуухын төлөө, хэсэг бүлгээ хамгаалахын төлөө ийм байж болохгүй. Цахимаар явж буй зүйлс эзэн биегүй сүрдүүлэг, заналхийлэл байна. Төрийн ой санамжийг төрийн хүн заавал санаж байх ёстой гэж У.Хүрэлсүхэд хэлмээр байна. УИХ-д асуудал байгаа бол энэ олон жил төрийн албыг хашсан М.Энхболд ч үүнийг санаж байгаа байх.
Нийгэмд үүсэж байгаа анархизм, социализмыг дэмжихгүй. Үнэмлэхүй олонхийн ардчиллын амин сүнсийг хэн нэгний хараанд ороосой гэж хүсэхгүй байна. Энэ талаасаа асуудалд хандвал яасан юм, ард түмнийг хуваахаа больвол яасан юм. Та бүхэн үүнийг хурдхан хийгээд өгөөч.
Н.ЭНХБОЛД: НУУХАА АВАХ ГЭЭД НҮДЭЭ СОХЛОХТОЙ АДИЛ ЗҮЙЛ БОЛЛОО
С.Бямбацогт гишүүн хэлчихэв үү дээ “бид ч алиа алдаж байна аа” гээд. Би үүнтэй санал нэгдээд байна. Нуухаа авах гээд нүдээ сохлохтой адилхан зүйл болчихлоо. Улс орны хувьд ч тэр УИХ маань ч тэр эвгүй байдалд орчихлоо. Би уг нь их юм яръя гэж бодоогүй. Бид ийм олуулаа эрх барьж байж, өөрийнхөө Засгийн газрыг унагааж болохгүй гэсэн байр суурьтай байгаа учраас гарын үсэг зурахгүй байгаа юм.
Ж.ЭРДЭНЭБАТ: АНУ-Д ОЧООД САЙХАН СЭЛФИ ХИЙСЭН БАЙНА ЛЭЭ
27 гишүүний хувьд хэвлэл мэдээлэл, сошиалаар их дайралтад өртөж байна. У.Хүрэлсүх та Ерөнхий сайд болох үедээ надаас шударга бус зүйлийг битгий шаардаарай гэж хэлсэн. Та энэ үгийг хэнд зориулж хэлсэн юм бэ. Танд ерөөсөө мэдээллүүд буруу очоод байдаг юм уу. Хүрэлбаатар сайдын хэлж байгаагаас яг тэгж байгаа юм гэж ойлголоо. Валютын ханшийн өсөлт зөвхөн Монголбанкнаас шалтгаалдаггүй юм. Ийм юм мэдэхгүй сангийн сайдтайд чинь ичиж байна.
Таны төлсөн гээд байгаа өрийг манай Засгийн газар бэлдэж өгөөд явсан шүү дээ
Таны төлсөн гээд байгаа өрийг манай Засгийн газар бэлдэж өгөөд явсан шүү дээ. Таныг энэ талаар мэдээлж байхад би юм хэлээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн засвар, арван аймагт цахилгааны биш дулааны цахилгаан станц байгуулна шүү дээ, мэдээллээ зөв өгч бай л даа.
Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн асуудал АНУ-д очоод сайхан сайхан сэлфи хийгээд явна лээ. Хэлэлцээ хийгээд бэлэн болгож үлдээсэн нь Ч.Сайханбилэг, Манай засгийн газрын хийсэн асуудал шүү дээ.
У.ХҮРЭЛСҮХ: НАМАА ЦЭВЭРЛЭХ БОЛСОН ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИ САЙН ОЙЛГОЛОО
Шүүмжлэлийг сонсоно оо. Өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, байдал хүндрэхээр болсон байна. М.Энхболд, Д.Хаянхярваа гэж хөдөөний, уучлаарай Дархан-Уул аймгаас ирсэн аймгийн дарга байсан нөхөр, С.Батболдыг огцруулъя гэж санал гаргаад өнөөдөр Засгийн газрыг огцруулах дээрээ тулчихлаа. Чи хов зөөдөг, ажлаа хийдэггүй, нас намбандаа байдаг хүн биш.
М.Энхболд, Д.Хаянхярваа гэж хөдөөний, уучлаарай Дархан-Уул аймгаас ирсэн аймгийн дарга байсан нөхөр, С.Батболдыг огцруулъя гэж санал гаргаад өнөөдөр Засгийн газрыг огцруулах дээрээ тулчихлаа
Та нараас би айхгүй шүү, энд хулгайч, наймаачид сууж байгаа шүү. ЖДҮ сайн юм боллоо. Шалгалт оруулаад хоёр сар болж байна, цаашдаа ч олон юм илрэх байх. Өнөөдөр та нар сайхан харагдахгүй, шударга үнэний туйл болсон гэж бодож байна уу, би та нарыг мэднэ шүү дээ.
Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. Намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг би бүр сайн ойлголоо. Энд байгаа зарим нөхөд МАН-ын нэрээс дэвших боломжгүй шүү гэдгийг би дахиад хэлчихье.
Надад намын ард түмэн байна, ард түмэн байна. О.Содбилэгээ нефтийн үйлдвэрийг битгий нураачих гээд бай. Би энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хуралдааны төгсгөлд дахин хэлчихье.