Эхлэл нийгэм П.Алиманцэцэг: Нэгдсэн эмнэлгийн дэргэд хүүхдийн эмнэлэг байгуулах шаардлагатай

П.Алиманцэцэг: Нэгдсэн эмнэлгийн дэргэд хүүхдийн эмнэлэг байгуулах шаардлагатай

Хордлого судлалын үндэсний төв НҮТББ-ын захирал, хор, ураны мэргэжилтэн, хүний их эмч П.Алиманцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр эрүүл мэнд, боловсролын  салбарт 29 жил ажилласан туршлагатай юм.

 

-Жигжидийн зусланд хордлого, уламжлалтын эмчилгээ сувилгаа үзүүлэх “Жигжид агаар сувилал, амралтын төв”-ийг та байгуулж байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил танайх үйл ажиллагаа явуулсангүй. Сувиллаа бүр хаачихсан юм уу?

-Хүүхдийн анхны сувиллыг 1999-2002 онд Жигжидийн зуслангийн баруун урд талын ойн бүсэд байгуулж байсан. Засгийн газрын хуучин хүүхдийн сувиллын буурин дээр 50 ортой сувилал байгуулж, 2007-2015 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Манай сувилал 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмадууд, амьсгалын замын өвчлөл, архаг хордолт, хавдрын хими туяаны өвчтөн,  мэргэжлээс шалтгаалдаг өвчний амьсгалын замын архаг хордолттой хүмүүсийг эмчлэх дотор, хордлого уламжлалтын эмчилгээ, сувиллын үйлчилгээ үзүүлдэг. Гэвч газрын асуудлын улмаас үйл ажиллагаа зогсоод долоон жил  өнгөрлөө. Бид  2007 оны төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн 80 ортойгоор өргөтгөн ажиллахаар төлөвлөж, бүх хүсэлтээ өгсөн. Өргөтгөж үйл ажиллагаа явуулахыг ерөнхий сайд, ерөнхийлөгч дэмжсэн. Гэвч доод шатны байгууллагад ирээд газрын асуудал гацчихсан юм.

-Мэргэжлийн эмч хүний тухайд сүүлийн үеийн хүүхдүүдийн өвчлөлийн шалтгаан, бодит байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Улаанбаатар хотын агаар орчны тулгамдсан асуудал, хөрсний том хэмжээний судалгааг 2005 оноос хойш  хийж,  2012 онд нийтэд танилцуулсан. Агаарын бохирдлоос үүдэн 0-5 насны хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөж, эрүүл мэндээрээ их хохирч, нас баралт ихэссэнийг судалгаагаараа ил болгосон. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн гажиг, дутуу төрөлт, нас баралт их байгаа судалгааг  хийсэн. Гэр хорооллын нүүрсний утаа, цахилгаан уурын зуух, тээврийн хэрэгслийн утаа агаарын бохирдлын голлох шалтгаан болж байсан. Дэлхийн бусад оронд автомашинаас үүдэлтэй утааны хордолт 15-20  хувь байдаг бол манай улсад 25-30 хувь байдаг.  Энэ нь жил бүр 60 мянган машин хилээр  орж ирдэгтэй холбоотой. Агаарын бохирдлоос гадна автомашины осол, түлэгдэлт гээд хүүхдүүд өртөх, гэмтэх тохиолдол их. Хүүхдийн эрх ашиг бүх газар зөрчигддөг. Нэгдүгээрт, цэцэрлэг, ясли хүрэлцэхгүй байна. Хоёрдугаарт, олон давхар өндөр байшинд амьдарснаас хүчилтөрөгчийн дутагдалд орж байна. Гуравдугаарт, сургуульдаа  хүртэл хүүхдүүд битүү орчинд  хичээллэдэг. Биеийн тамирын дасгал хийх гадаа талбай байхгүй болсон. Үүнээс үүдэн сурагчид хүчилтөрөгчийн дутагдалд орж байна.  Дөрөвдүгээрт, жилд 150 орчим хүүхэд хавдраар өвчилж байна. Гэвч Хавдар судлалын үндэсний төвд хүүхдийн тасаг байхгүй. Боловсон хүчин нь хүрэлцдэггүй.

-Өвөлдөө эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больдог нь эмнэлгийн хүртээмж хангалтгүйтэй холбоотой гэж олон нийт шүүмжилдэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг та судалгаагаар гаргаж ирсэн үү?

-Эмнэлгүүдийн ачаалал жил бүрийн араваас гуравдугаар сар хүртэл эрс нэмэгддэг. Агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн амьсгалын замын өвчлөл, нас баралт энэ саруудад хамгийн их байдаг. Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт агаарын бохирдол хамгийн их байсан. Сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч агаарын чанарын өөрчлөлт хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Хүүхдийн эмнэлэг дүүрэг бүрт байдаггүй. ЭХЭМҮТ-өөс өөр хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн газаргүй байсан.  Засгийн газар энэ асуудлыг 2010 оноос хойш анхааралдаа аваад нэгдсэн эмнэлгүүдийн орыг өвлийн цагт хүүхдийн тасгаар ашиглаж байсан. Тиймээс 2014 оноос нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд хүүхдийн 50 ортой эмнэлгийг байгуулж эхэлсэн.  Гэвч өвчлөлд хамгийн их өртдөг жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал орхигдсон. Хүүхдүүдийнхээ төлөө одоогийн энэ тулгамдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хойч үеийнхээ ирээдүйг хамгаалахын тулд манай улс тогтолцооны эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Хүн ам нь нэг дор хэт их төвлөрчихсөн байхад нэмж байшин барилга барих хэрэггүй. Харин эрүүл агаартай орон нутаг руу хүмүүсээ татах хэрэгтэй.  Үүний тулд орон нутагт хангалттай тооны цэцэрлэг, ясли барих хэрэгтэй. Аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоотой шийдвэрлэх ёстой.

-Хүүхдийн сувиллын газрын асуудлыг шийдвэрлээгүйгээс манай төр хүүхдийн төлөөх асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа нь харагдаж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Жил орчмын хугацаанд COVID-19-өөр хүүхдүүд, жирэмсэн эх их өвдсөн. Жил бүр олон  хүүхэд өвчний улмаас нас барж байхад төр хүүхдийн асуудлаа огт шийдэхгүй байна. Хувьчлалын улмаас өнгөрсөн 30 жилд хүүхдийн байгууллага их хохирсон. Хүүхдийн байгууллагын төлөө 25 жил ажиллалаа. Манай хүүхдийн сувилал модон дотор байдаг нь хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр авах нөхцөлийг бүрдүүлсэн учир газрын асуудлыг шийдвэрлэж өгөх талаар удаа дараа хөөцөлдсөөр байна. Ер нь 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарлаа хандуулахыг би олон жилийн турш ярилаа.  Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь нэгдсэн эмнэлэг бүрийн дэргэд хүүхдийн эмнэлэг байгуулах юм.  Үүнээс гадна хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ТББ-ыг дэмжих хэрэгтэй. Төрийн хийж чадаагүй хоосон орон зайг хувийн байгууллага нөхөж байна. Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь хүн тэр тусмаа хүүхэд. Гэтэл хүүхдийн эрүүл мэндийн асуудалд огт анхаарахгүй байна. Хүүхдийн идэж байгаа хүнсэнд онцгой анхаарч, хүүхдийн эмч нарыг гадаадад бэлтгэж чадваржуулах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here