Эхлэл нийгэм 108 мод тарьж эхлүүлсэн их үйлсийн эзэн

108 мод тарьж эхлүүлсэн их үйлсийн эзэн

Архангай аймаг, Булган сум, хойд Могойн голд Норовбанзадын Даваахүү гэх хүү тэртээ 1942 онд мэндэлжээ. Тэрээр анх нягтлан бодох мэргэжил эзэмшсэн бөгөөд сургуулиа төгсөөд тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн яамны харъяа Номын худалдааны газар зураачаар орж ажлын гараагаа эхлүүлсэн аж.

Албан газар бараагаар хангах дэлгүүрт ня-бо, Гадаад худалдааны яаманд нягтлан хийж байгаад цагдаагийн сургуульд элсэж орсноор Цагдаагийн алба хаагч болсон түүхтэй. Бага насандаа нутагтаа цэргийн дарга болох мөрөөдлөө биелүүлсэн Н.Даваахүү Хурандаа цолтой өндөр насны тэтгэвэрт гарчээ.

60 ЖИЛИЙН АЖЛЫН ТУРШЛАГА БА МАНЛАЙЛАЛ

Тэрээр тэтгэвэрт гараад бусдын л нэгэн адил ноос, ноолуурын наймаа хийж явсан бөгөөд төр, хувийн хэвшилд 60 жил ажилласан байна.

“Намайг дөрвөн настай байхад өвөө минь аймгийн цэргийн хорооны аж ахуйн албаны дарга байсан юм. Тухайн үеийн төрийн дээд байгууллагын шийдвэрээр дайн дууссаны дараа аймгийн албан байгууллагуудыг түлээний модоор хангаж, олсон орлогоороо цэргийн хувцас хэрэглэл, хүнсний хангамж, цалин хөлсөө залгуулах болсон юм билээ. Түүнийг нь өвөө гардан гүйцэтгэсэн хэрэг л дээ.

Мод бэлтгэхдээ шинэ залуу модоо гэмтээхгүй байхад анхаарч, хүмүүст зааж сургаж байсан нь санаанаас гардаггүй юм” хэмээн хуучилж суусан Н.Даваахүү өдгөө өвөөгийнхөө байгаль дэлхийг хайрлан хамгаалах их үйлийг нь үргэлжлүүлж явна.

Нутагтаа байгаль орчныг сэргээх, нутаг усаа хайрлан хамгаалах ажлыг эхлүүлэн найман жилийн турш бусдад үлгэр дуурайлал болж яваа энэ эрхэм хүн байгалийн нандин харилцаа, нутаг орны унаган төрхийг хадгалах нь юунаас ч илүү чухал болохыг бусдад таниулж, түүчээлж байгаа нь бахархам амжилт. Ой мод, өвс ургамал, амьтан хамгаалах сэтгэлгээг түүний өвөө Б.Нацаг бат бөхөөр ойлгуулсан нь өнөөдрийн Н.Даваахүүгийн их үйл бүтээх үндэс болсон аж. “Өвөөгийнхөө үйлсийг залгамжлан нутагтаа байгаль орчноо хамгаалах, ой мод арчилж ургуулахаар хичээж байгаа юм шүү дээ. Энэ үйл хэргийг үргэлжлүүлэн яваа минь удмын минь дөрөв дэх үе нь би болж байна” хэмээн ярьж суухдаа бага нас, өвөө, аав, буурай өвөөгөө дурсан олныг хуучилсан юм. Өвөөгийнхөө хэлж захьсан бүхнийг хүү Д.Төмөрхүүдээ ч уламжлуулан үлдээх нь түүний нутаг орноо, уул усаа хайрлан хамгаалах их үйлсийг үргэлжлүүлэх тав дахь үе болох учиртай аж.

2014 оны хавар нутагтаа очоод ой мод сүйдэж эзгүйрснийг хараад сэтгэл нь ихэд эмзэглэн нутгийнхандаа “Яагаад уулын моддоо хяргуулаад сүйдэлчих вээ” гэтэл “Та нутагтаа ирээд ганцхан сар амьдар. Тэгвэл бодит байдал ямар байгааг харна” гэж. Харин Н.Даваахүү “Одоо ч би нутаг усныхнаа танихаа байсан. Тиймээс ирэх хавар Ерөнхийлөгчийн мод тарих өдрөөр 108 мод суулгаж өгье” гээд явсан гэдэг. Амласан ёсоор 2015 оны тавдугаар сарын 8-нд мод тарихаар нутагтаа очжээ. Нэвсийтэл цас дарж хоносон  хэдий ч зорилгоо биелүүлэн модоо тарьсан аав, хүү хоёр сар орчмын дараа дахин мод тарихаар нутгаа зорьсон байна.

Харин тэр үед нутгийнхан нь “Нөхөрлөл байгуулан уул ус, өвс ургамал, ан амьтнаа хамгаалах нь зүйтэй юм байна. Та биднийг удирдан чиглүүлээд яваач” хэмээн санал тавьснаар “Монгойнхон” нөхөрлөлийг үүсгэн байгуулж мод хулгайлахыг зогсоохоос эхлээд мод тарьж, хамгаалах, нутгийн түмний амьжиргааг дээшлүүлэх, орлого олох боломжийг эрэлхийлсээр өдгөөг хүрчээ. Тэдний үйл хэргийг харсан нутгийнхан шил дараалан нөхөрлөл байгуулан ажиллаж эхэлсэн аж.

Анхандаа хулгайн мод бэлтгэгч, тээвэрлэгчидтэй учраа олж ойлголцох ажлыг хийж эхэлсэн “Могойнхон” нөхөрлөлийнхөн зургаан сар уйгагүй хөөцөлдсөний эцэст модны хулгайг зогсоож чадсан нь тэдний ажлын амжилтын эхлэл байв. Ингэхдээ аймгийн Цагдаагийн газар, аймаг, Булган сумын ИТХ, ЗДТГ, БОАЖ-ын газартай хамтарч ажилласны үр дүн хэмээн Н.Даваахүү ярьж байлаа. Мөн түүний санаачлагаар анх удаа сумынхаа нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Анх Булган сумынхаа 127 мянга гаруй га газрыг тусгай хамгаалалтад авч байсан бол өдгөө 242 мянган га газрыг хамруулжээ. Энэ нь Булган сумын нийт нутаг дэвсгэр орон нутгийн тусгай хамгаалалтад орсон гэсэн үг юм. Ингээд анх 108 мод тарьснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 3300 гаруй мод тарьжээ.

ТАРВАГА НУТАГШУУЛСАН НЬ

Архангай аймгийн Булган сумын Овоот хайрханы хоёр суга тарвага элбэгтэй байсан нь түүх болон үлдэх эрсдэл тулгарсныг Н.Даваахүү анзаарчээ. Тиймээс аймгийн БОАЖ-ын газрын дарга н.Баянмөнхтэй ярилцан тарвага нутагшуулах ажлыг эхлүүлсэн байна. Одоогоос зургаан жилийн өмнө 16 тарвагыг нутагтаа авчирч нутагшуулсан нь нутгийнхны талархлыг хүлээж буй юм. Анхны жил хоёрыг нь “тоншсон хэргийн эзэн”-ийг нь олсон ч элдвийг хэлэлгүй өнгөрч. Түүнээс хойш өдгөөг хүртэл 200 гаруй тарвагатай болон “дархлагджээ”. “Дархлагдсан”-ы учир нь анхны “тоншсон” тохиолдлоос хойш дахин тийм явдал гарсангүйгээр барахгүй нутгийнхан хичээнгүйлэн харж хамгаалдаг аж. Н.Даваахүүгийн нөхөрлөлийнхөн “Тарвага нутагшуулах ажлыг эхлүүлэхдээ эхлээд тарваганыхаа нүхийг ухаж бэлтгэсэн юм. Тэгээд авчирсан тарвагуудаа нүхэнд нь хийх гэтэл тарж давхиад өөрсдөө нүхээ сонгоод орчихдог юм билээ” гээд хүд хүд инээж суув. Түүний хийж хэрэгжүүлсэн ажил, бусдыг чиглүүлж манлайлж буй үйл хэрэг бусдыг байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах их үйлсэд чиглүүлэгч “луужин” болжээ.

“БИЗНЕСМЕН” МАЛЧИН БУЮУ ХӨДӨӨ АХУЙ

Тэд зөвхөн мод тариад зогссонгүй. Тарвага нутагшуулж бас малчдыг орлогын эх үүсвэртэй орчин үеийн “Бизнесмен” малчин болгох зорилго дэвшүүлжээ. “Могойнхон” нөхөрлөлийнхөн эхний ээлжинд сарлагийн өрөмөө худалдаанд гаргах ажлыг эхлүүлсэн байна. Аймгийн хяналт шалгалтын лабораториор шинжилгээ хийлгэн баталгаажуулж худалдаанд гаргаснаар сарлагын өрөм малчдын орлогын эх үүсвэр болжээ. Үүний сацуу сүүлийн гурван жил дараалан туршилтаар жуулчин авч үзжээ. Гадны жуулчдад монгол ахуйг танилцуулахын сацуу нутаг орон цаашилбал монголчуудын зан заншил, дэг жаягийг сурталчлах сайхан боломж юм. “Эрэгтэйчүүд нь морь унахаас эхлээд хөдөөний малчин эрчүүд юу хийдэг тэр бүхнийг хийнэ. Эмэгтэйчүүд нь өглөө эрт саалинд гарахаас эхлээд сүү хөөрүүлэх, тараг бүрэх гээд хөдөө ахуйтай танилцан өөрөө тэр бүрийг хийж байгаа нь жуулчдад маш их таалагдсан. Жуулчид дунд Хустайн нурууны тахь үржүүлгийн газрын дарга, Мөн Лондоны Амьтан судлалын хүрээлэнгийн газрын дарга нар зэрэг цөөхөн жуулчин ирсэн ч түүний цаана манай нутагт ирэхийг хүссэн түмэн олон жуулчин бий гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн “Могойнхон” нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүү ярьсан юм.

Ийнхүү орлого олох эх үүсвэр нь сарлагын өрөм борлуулахаар хязгаарлагдсангүй. Жуулчдад үйлчилж орлоготой болох боломжийг ч нутгийнхандаа таниулсан нь нийтлэлийн баатрын маань ажлын нэг амжилт. Өдгөө 80 гарч буй энэ эрхэм нутаг орныхоо төлөө чин сэтгэлээ зориулан зүтгэж буй түүний үйл хэргийг үр хүүхдүүд нь дэмжихийн зэрэгцээ нөхөрлөлийн хамт олон нутгийн зон олны урмын үг эрч хүч өгдөг хэмээн ярьсан юм. Хөдөө ахуйгаа танилцуулан орлоготой болсон малчид цагаан идээгээ орчин үеийн сав баглаатайгаар борлуулах анхны алхамыг Н.Даваахүү хийж өгчээ. Ийнхүү “Бизнесмен малчин” болох гараа эхэлсэн нь сайхан жишиг “Могойнхон” нөхөрлөлийнхний хөдөлмөрийн үр шим юм.

“БИО-НҮҮРС”-ИЙГ САНААЧЛАГЧ Н.ДАВААХҮҮ

“Могойнхон” нөхөрлөлийнхөн 2015, 2017 онд болсон нөхөрлөлүүдийн улсын I, II зөвлөгөөнд “Био-нүүрс” бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцон тавдугаар байрт шалгарсан бол 2019 онд зохион байгуулсан III зөвлөгөөнөөр хоёрдугаар байрт шалгарсан нь тэдний бас нэгэн амжилт. Монголд анх удаа малчин айл хар модны гишүүгээр хийсэн “Био-нүүрс” үйлдвэрлэсэн нь “Могойнхон” нөхөрлөлийнхний санаачилсан ажил юм. Энэ бүтээгдэхүүний санаачлагч “Могойнхон” нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүү “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэгээр, харин нөхөрлөл үйл ажиллагаагаараа түүчээлэн “Жуух бичиг” мөнгөн шагналаар шагнуулжээ.

Ийнхүү идэвхи зүтгэлтэй ажилласны үр дүнд бусад аймгийн нөхөрлөлийнхөн ирж туршлага судлахын зэрэгцээ сургалт зохион байгуулан хамтран ажиллаж зочид, төлөөлөгчид сэтгэгдэл өндөр байгаагаа хэлдэг байна.

Нөхөрлөлийн гишүүд дор бүрнээ “Био-нүүрс” үйлдвэрлэн борлуулж орлогоо нэмэгдүүлэх боломж бий.  Магадгүй аймгийн уурын зуухыг сайжруулсан түлшээр хангах ч боломжтой аж.

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

Н.Даваахүү гуай дөрвөн хүүхэдтэй. Түүний хүүг Д.Төмөрхүү гэдэг. Тэрээр “Монгол хийморь” НҮТББ-ийг үүсгэн байгуулж аавынхаа үйл хэрэгт тусладаг байна. Түүний урилгаар Лондоны Амьтан судлалын хүрээлэнгээс төлөөлөгчид ирж ажилтай нь танилцжээ. Ингээд аав, хүү хоёр байгаль хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлж нөхөрлөл байгуулан ажиллаж ирснийг нь үнэлэн төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ тус хүрээлэнгийнхэн илэрхийлжээ.  Үүний тулд нөхөрлөлүүдийг нэгтгэсэн холбоо байх нь зүйтэй гэх саналыг оруулсан байна. Булган сумын анхны “Могойнхон” нөхөрлөлийн туршлагаар 10 нөхөрлөл байгуулжээ. Ингээд тэдгээр нөхөрлөлүүдийг нэгтгэн “Булган сумын нөхөрлөлүүдийн холбоо” байгуулж, Холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлаар Н.Даваахүүг тэргүүнээр томилсон аж.

Ёстой л “нүдээ олсон” томилгоо болж төслийн багийнхнаа удирдан “Ногоон байгаль”, “Ан амьтан хамгаалах”, “Нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажил”-ыг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Англи Улсын Хан хүүгийн урилгаар “Амьтан хамгаалах” Олон улсын чуулга уулзалтад хүү Д.Төмөрхүүгийн хамт оролцжээ. Энэ үеэр Д.Төмөрхүүгийн тавьсан илтгэлийг хуралд оролцогчид ихээр сайшаан хүндэтгэл үзүүлсэн байна.

Тэдний ажлын амжилт нутагтаа тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсанаар сумандаа олон нөхөрлөл байгуулах эхлэлийг тавьсан хэмээн Н.Даваахүү ярилаа. Ийнхүү нутаг орондоо их үйлийг бүтээж нутгийн малчид орлоготой, ажилтай бас байгаль, ан амьтныг хамгаалах, хайрлах, өвс ургамлаа тарьж ургуулах гээд олон ажлыг эхлүүлсэн нь “Могойнхон” нөхөрлөлийнхний ажлын үр дүн юм. Тэд гал түймрийн аюулаас сэргийлэх, ой, ойн амьтан, дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах тухай “СОНОРДУУЛГА”-ыг жил бүр гаргаж аймгийн БОАЖГ, Цагдаа, ОБГ болон айл өрх бүрт тараадаг ажээ.

Түүний эхлүүлсэн ажил Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгатай нийцэж буй нь цаг хугацааны уртад зөв ажил эхлүүлсний илэрхийлэл юм. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь ирээдүй хойч үедээ үлдээх их өв юм шүү хэмээн хичээнгүйлэн захисныг энэ дашрамд уншигч авхай танд уламжилъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here