Эхлэл соёл урлаг Олон ястны өвийг тээсэн 2000 гаруй үнэт үзмэрийг дэлгэх байр алга

Олон ястны өвийг тээсэн 2000 гаруй үнэт үзмэрийг дэлгэх байр алга

Музей бол цаг хугацаагаар аялах хөсөг юм. Энэ хөсөг нийгмийн хөгжилд үйлчилж, хүн төрөлхтний эдийн болон оюуны соёлын өвийг цуглуулах, хадгалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал үнэ цэнийг агуулдаг. Гэтэл энэ үүрэг үнэ цэнээ бүрэн дүүрэн илэрхийлж, гүйцэтгэж байгаа музей Монголд бараг алга.

 

2300 ҮЗМЭР МӨӨГӨНЦӨРТӨЖ МУУДСАН “ЗООРИНД” ХАВ ДАРААСТАЙ ХЭВТЭЖ БАЙНА

 

Улс, аймгийн музей болон орон нутаг 300 гаруй танхимд 250 мянга орчим үзмэр, цуглуулгатай Тэгсэн хэрнээ Монголын Үндэсний музейгээс өөр шаардлага хангасан нь цөөн. Харин сүүлд Өмнөговьд нээгдсэн Говийн байгаль, түүхийн болон Чингис хаан музейг эс тооцвол Монголын эд болон оюуны соёл стандартад нийцсэн байр танхим, хадгалалт хамгаалалтгүй. Энэ хэвээр цааш үргэлжилбэл  устах аюулд ороод буй нь гашуун үнэн. Үүний томоохон жишээ бол баруун Монголын олон угсаатны түүх соёлыг агуулсан Ховд аймгийн музей юм.

Холын цуутай Ховд нутагт мянга мянган жилийн турш эв найртай аж төрж ирсэн олон үндэстэн ястны өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлог, төрөлх нутгийн зон олны өв соёлоороо бахархах түүхийн гэрч болсон музей өнөөдөр гаднаас нь харвал нурах дөхсөн намхан балгас гэж андуурагдахаар болжээ. Гэтэл дотор нь олон мутарт бурхан, мөнгөн тоногтой 930 грамм дун, XX зууны 190 грамм жинтэй ясан эрхи, 16 литрийн багтаамжтай зэс домбо, алтан шармал ногоон дарь эх бурхан, Хатанбаатар Магсаржавын хэрэглэж байсан сэлэм, товшуур, уран дархны хөөрөг, халх дээл гоёл, алтан шармал боолт, тоорцог, тамга, хүрэл хутга гээд 3200 гаруй үнэт үзмэр хадгалагдаж байна. Дахин давтагдашгүй эх хувиараа байгаа эдгээрийн тал хувь нь үнэт үзмэрт тооцогддог ч зөвхөн 1750-ыг нь л олон нийтэд дэлгэж харуулж байгаа бол үлдсэн 2300 нь мэргэжлийн бус хамгаалалт, мөөгөнцөртөж муудсан “зооринд” хав дараастай хэвтэж байгаа юм. Эднийг нэгдүгээрт, дэлгэх талбай, орон зай алга. Дэлгэсэн ч чийгшил муутай, гэрлийн хугарал туссан, шувууны сангаснаас үүдэлтэй олон төрлийн хорхойнд “идүүлэх” нөхцөл байдал л угтана. Өөрөөр хэлбэл, 12 жилийн өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас акталж ашиглалтаас хассан навсгар байшинд баруун Монгол түмний түүх, зан заншил, олон ястны өв соёлыг шингээж тэр чигээр нь харуулсан 3200 үзмэр мөхөж устахын дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр байна. Үүнээс гадна агаар орчин тааруу музей дотор ажиллаж байгаа хүмүүсийн ч эрүүл мэнд аюулгүй байдал эрсдэлд ороод удаж байна.  Түүнчлэн түүхийн хосгүй үнэт үзмэрүүд хулгайд алдагдах аюулд ч орохыг үгүйсгэхгүй. Сүүлд 2013 онд Эрдэнэзуу музейгээс үнэтэй бурхад, үзмэр алдагдсан шиг жишээ олныг хэлж болно.

Гаднаа  гандмал, дотроо үнэт өв агуулсан ч нар салхи нь гэрэлтэх дөхсөн Ховдын музейг хол ойрын зочид гийчид зорьж очих нь элбэг. Гэвч өнгө будгаасаа эмээж үзмэрүүддээ санаа зовж буй талаараа музейн тайлбарлагч Б.Соёл-Эрдэнэ “2010 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас насжилтыг нь тогтоож акталсан. Музейн сан хөмрөг буюу 2300 орчим үзмэрийг хадгалж байгаа барилга маань мэргэжлийн бус. Өөрсдийн хэмжээнд янзалж тордож байгаа ч хадгалах зориулалтын байр биш болохоор учир дутагдалтай. Мөөгөнцөр чийгшил, хэмжилт наад захын шаардлага хангахгүй. Үзмэрийн тэнхимд байхдаа механик гэмтэлд өртдөг. Гэрэл чийгшилгүй хуурай очрин, хугарал, шувууны сангаснаас үүдэлтэй олон төрлийн хорхой унаж ирдэг нь үзмэрийг гэмтээдэг. Хэм нь 17-оос хэтрэх ёсгүй ч 30  руу дөхсөн орчинд байна.

Манай музейд үнэт үзмэр олон бий. Алт мөнгөн эдлэлээс гадна шашны үнэт болон дахин давтагдашгүй эх хувь зурагнууд байгаа. Музейн үзмэрийн 30-40 хувь нь үнэт үзмэр бий. Энэ үнэт өв соёлоо хадгалж үлдэхийн тулд мэргэжлийн түвшний музей шаардлагатай байгаа” гэсэн юм. Аймгийн холбогдох байгууллагаас Соёлын яаманд удаа дараа хүсэлт тавьж байгаа ч шийдтэй хариу өгөөгүй байгаа аж.

Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо “Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй музейн сан хөмрөг, үзүүллэгт тохирсон байр, тоног төхөөрөмжтэй эсэх, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, стандартын зохистой гэрэл, дулаан, чийгийн орчныг бүрдүүлсэн эсэхийг гаргахад Монголын бүх музейн 80.5 хувь нь дундаас доогуур үнэлэгдсэн нь үзмэрийн  хадгалалт, орчин нөхцөл хангалтгүй байгааг илэрхийлж байна.

Музейн үзмэр, эд өлгийн зүйлс нь гол төлөв урьд өмнө амьдрал, ахуйд хэрэглэгдэж, тодорхой хэмжээний элэгдэл хорогдолд орсон байдаг ба сан хөмрөгийн орчин нөхцөл, буруу хадгалалтаас шалтгаалан жилээс жилд муудаж, хэврэгшсээр байдаг. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төв улс, аймгийн музейн сүүлийн 10 жилийн дунджаар жилдээ 148 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг сэргээн засварласан. Мөн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнгээс харахад улс, аймгийн 22 музейн яаралтай сэргээн засварлах шаардлагатай 1197 дэсийн 1485 ширхэг үзмэр байгаа нь музейн эд өлгийн зүйлсийн хадгалалтын горимыг сайжруулах, шинэчлэх шаардлагатайг илтгэж байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсад жилдээ 148 үзмэр, эд өлгийн зүйлийг сэргээн засварлах боломж, чадамжтай байдаг бол бодит байдал дээр энэнээс даруй 10 дахин их эрэлт хэрэгцээ байдаг болох нь харагдаж байна. Тиймээс сан хөмрөгийн орчин нөхцөлийг нэн даруй сайжруулах нь тулгамдсан асуудал юм” гэж ярьсан.

 

МУЗЕЙН ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЬЕ

 

Музей тойрсон олон асуудал бий. Тэр болгонд санхүү, хөрөнгө оруулалтын хэмжээ бага, цалин хангамж муу, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц дутмаг гээд шалтгаан мундахгүй. Гэхдээ төр хуулиа хэрэгжүүлэх учиртай. Бүр үлгэрлэн харуулах үүрэгтэй. Тиймээс 2021 онд баталсан Музейн хуулийг хэрэгжүүлье Соёлын сайд аа.

Монгол Улс анх удаа Музейн хуультай боллоо гэж баахан хөөрцөглөсөн.Гэвч  юутай ч жишиж зүйрлэх боломжгүй үнэ цэн, өв соёлыг тээсэн үнэт үзмэрүүдээ хамгаалж, түүгээр дамжуулж олон нийтийг гэгээрүүлэхгүй юм бол хойч үедээ юу үлдээнэ гэж. Хэдэн арав, зуун жил үе улирч ирсэн үзмэрүүдээ дахин хуулбарлаад тавих хэрэг үү. Үнэ цэн хаана байна вэ.

Музейн хууль зааснаар 14.1.1.музейн орчны, 14.1.2.барилга байгууламжийн, 14.1.3.сан хөмрөгийн аюулгүй байдлын хангана гэжээ. Мөн олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт техник, технологийг судалж нэвтрүүлэх. Музейн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагчаас гадна олон нийтийн зөвлөл хяналт тавьж болно гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here