Эхлэл Нийслэл Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад хөшүүрэг болгох үүднээс тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт онцгойлон анхаарч байгаа хэмээлээ.

Мөн уулзалтад ирсэн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлбэл зохих ажлын талаарх санал хүсэлтээ хэлэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай маш их хог байхаас гадна иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал. Түүнчлэн хог тээвэрлэлтэд парк шинэчлэл хийж, машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Тохижилт, үйлчилгээний ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэлэлцэж байгаад талархаж байна.

Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан:

-Хотын дарга ажлаа аваад тохижилт, үйлчилгээ гэсэн томоохон салбараас уулзалтаа эхэлж буйд баяртай байна. Миний бие энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцан ажилладаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд зөөвөрлөж буй хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг нь хүндрэл үүсгэдэг. Тиймээс тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай байна.

“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:

-Ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхээс гадна өөр бусад хөшүүрэг бий болгох нь зүйтэй. Зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг хангах боломжтой.

“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшин:

-Төрийн бус өмчит буюу хувийн байгууллагууд аль болох бага зардлаар их хог тээвэрлэхийг илүүд үздэг. Тиймээс тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн хэвшлүүд рүү шилжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах нь илүү давуу талтай болох нь харагдсан. Орлого нэмэгдэхийн хэрээр парк шинэчлэл хийх, хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.

Хотын дарга уг харилцаанд сайтар зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдийн оролцоог тэгш хангах нь зүйтэйг онцлов.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн уулзалтаас гарсан бүх саналыг тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн явцыг мэдээлэх болно. Онцолж хэлэхэд, миний бие хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдвэрлэн, зохицуулахад зорьж байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1,380,000 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here