Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Цагаан суваргын ордын эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэх эсэх асуудал дээр УИХ-ын гишүүн Номтойбаяр бичиг ирүүлсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу чуулганы хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн байна. Номтойбаяр гишүүний хүсэлтийг хүлээж авлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Цагаан суваргын зэс молибдены орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших МАК ХХК нь 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн тайлан, 2013 онд ТЭЗҮ-ийг хэлэлцүүлсэн байна. Тус ордыг ил аргаар ашиглан жилд 14.6 сая тонн хүдэр олборлон, боловсруулж, жилд 316 тонн зэсийн баяжмал, 4403 тонн молибдены баяжуулалт гаргаж, 18 жил ашиглан, 11.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 2.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ТЭЗҮ-дээ тусгасан байна. Энэ тооцоонд зэсийн үнийг 5500 ам.доллар тонн, молибдены баяжмалыг 32.700 доллар тонноор тооцсон байна. Төсөлд 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулах шаардлагатай ба МАК компани нь одоогоор 323.1 сая ам.долларын хөрөнгийг ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт оруулаад байгаа юм байна. Уг ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 9.1.5 дугаар зүйл, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын гуравдугаар зүйлд заасны дагуу Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох 350.6 сая хөрөнгө оруулалт байна. Тэр хувийг эзэмшихээр одоогоор мөрдөгдөж байгаа хуульд заасан. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Тогтоолын төслийн талаарх ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хууль санаачлагч тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох, уг ордод оруулах хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар ЭЗБХ-ноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Ажлын хэсгийг танилцуулъя. Д.Ганхуяг Уул уурхайн сайд, Алтансүх Ашигт малтмалын газрын дарга, Бат-Эрдэнэ Уул уурхайн сайдын зөвлөх, Батхүү Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Дашбал Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн. Хууль санаачлагчдын илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүд байвал нэр авъя. Сономпил гишүүнээр тасаллаа. Гончигдорж гишүүн асууя.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Бодлогын хувьд стратегийн ордуудад хуулийн дагуу 34 хувийг эзэмшинээ гээд тэрний нь дагуу энд 360 сая долларын хэмжээний хөрөнгө оруулалтыг бондоор гаргаж төлбөржүүлэх маягаар орох тухай ярьж байна. Цаашдаа энэ 34 хувийг авах тухай асуудлуудыг баримтлах нь хир зэрэг ач холбогдолтой байна вэ. Өөр нэг асуудал нь нийт хөрөнгө оруулалтыг нэг тэрбум, 31.9 сая доллараар задаргаатай хавсарсан байна. Энэ дээр үнэлгээг баталгаажуулсан ажиллагаа яаж явагдсан юм бэ. Хоёрдугаарт нь, бонд гаргана гэж байна. Энэ бонд нөгөө 40 хувьдаа багтаах ёстой өрд чинь хамрах уу, үгүй юу?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Энэ төслийн бүтээн байгуулалт нь хийгдээд, баяжуулах үйлдвэр ашиглахад бэлэн болж байгаа. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг нь Ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын 27 дугаар тогтоолд заасны дагуу яаралтай шийдэж өгөх шаардлагатай. Бодлогын хувьд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон улсын жишгээр арай өөр байдлаар томьёолж оруулж ирсэн. Улсын төсвийн оролцоотой хийсэн, эсвэл өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн 15, 17 орд л байх шиг байна. Энэний төрийн эзэмшлийн хэмжээг эдийн засгийн үр дүн, нөгөө талаас ашигт ажиллагааны төвшин гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоонд үндэслэж шийдье гэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Дотоод, гадаадад гаргасан ямар ч бонд Монгол Улсын зээлийн хэмжээнд ордог. Тийм учраас энэ хөрөнгийн асуудлыг бондоор шийдэх шаардлагатай. Гол нь хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд төр хувь эзэмшихгүй байх юм уу, яах юм, энэ бүхнийг шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Үүнийг хэлэлцэх эсэхийг шийдэх цаг нь биш байна. Одоо Өрийн удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Ер нь бол 20 жил эрэл үнэлгээний ажлыг бүх түвшинд нь хийчихсэн орд юм байна. Эрэл үнэлгээ, урьдчилсан, нарийвчилсан хайгуул, технологийн туршилт, ТЭЗҮ гээд бүх шатны ажлыг төрийн хөрөнгө оруулалтаар хийсэн. 20 гаруй жилийн ажил болсон юм байна. Дээрээс нь усны хайгуулд ихээхэн мөнгө зарсан. Тухайн үед зарсан 15-16 сая орчим төгрөгийг ямар аргачлалаар, юуг тооцож өнөөдөр 715 мянган доллар болгож төлсөн юм бол оо. 1997 оны 234 дүгээр тогтоол гэж дурдсан байна. Энэ аргачлалын үндэслэл нь ямар юм байдаг юм бол. Хайгуулд зарцуулсан мөнгийг үүгээрээ төлчихсөн. Одоогийн хуулиар явж байгаа юм байна гэж ойлголоо. Хоёрдугаарт, 34 хувь бол хамгийн маргаантай байгаа. Энэ Ашигт малтмалын хуулийг хэлэлцэхэд төрийн эзэмшлийн хувийн хэмжээ нь стратегийн ордууд дээр хамгийн маргаантай байгаа асуудал аа. Тэгэхээр энэ асуудлыг хойшлуулах горимын саналтай байна. Ер нь бол 34 хувийг эзэмшихэд бид нар бас л мөнгө төлөхөөр орж ирж байна. Тэгээд 34 хувьдаа бонд гаргаад өр тавиад, дахиад явах юм байна. Дахиад бид нар Ашигт малтмалын хуулиа хэлэлцэж, Оюу толгойн алдааг давтах гэж байгаа дүр зураг харагдаад байна. Зарчмын хувьд төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ийм ажлыг ямар ч болзолгүйгээр монголчуудын эзэмших, төрийн эзэмших хувь гэж байх ёстой. Төр хэрэв мөнгөө төлж тодорхой хувь эзэмших гэж байгаа бол зөвхөн бонд гаргаж өр тавьдаг биш, бэлэн мөнгөөр биш, өөр арга механизмын зохицуулалт байх ёстой. Ашигт малтмалын хуулийг ярихдаа энийг их нямбайлж ярих ёстой. Эвслийн бүлэг дээр тодорхой саналууд байгаа юм. Энэ мэтчилэн нарийн ширийн ярих юм маш их байгаа учраас хэлэлцүүлгийг нь хойшлуулах санал тавьж байна. Тэгээд аргачлалтай холбоотой асуудал дээрээ сайдаас хариулт авъя.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
–1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дараа Засгийн газрын тогтоолын дагуу нэг аргачлал гарсан. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан үед нэг аргачлал гарсан. Тэгээд тухайн үеийнх нь зардлыг гаргаад, өнөөгийн зардал руу шилжүүлээд гаргадаг энэ аргачлалын дагуу л гаргасан байх. Манай ажлын хэсгээс аргачлалтай холбоотой судалгаа хийж үзсэн. Санал дүгнэлт гаргачихсан. Гишүүн сонирхвол мэдээллийг өгөх боломжтой. Одоогийн хууль нь хувь эзэмших юм бол хөрөнгө оруулалтад нь хувиараа тооцоод мөнгөө гарга гэсэн зүйл заалттай. Энэ хуулийнхаа хүрээнд оруулж ирж байгаа юм. Ер нь бол аж ахуйн нэгжийн хувьд бол өөрийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг бол тусдаа байдаг. Санхүүгийн тайландаа ингэж явдаг. Хойшлуул гэхээсээ илүү хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд хуулиа гаргахаар гэдэг нь зохистой болов уу. Өөрсдөө бас банкнаас зээл авчихсан. Дахиад зээлээ авах гээд байж байгаа юм байна лээ. Хууль санаачлагчийн хувьд бол ийм санал байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Ажлын хэсэг тэр аргачлалаа илүү тодорхой хэлж өгөх бололцоо байна уу. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хууль хэлэлцэж байгааг мэдэж байгаа. Логик дарааллаар манай асуудлууд буруу орж ирээд байх шиг байгаа юм. Ганхуяг сайд ч гэсэн хүлээн зөвшөөрлөө. Одоо Ашигт малтмалын хууль дээр илүү уян хатан, зарим зохицуулалтууд байхад заавал дундуур нь шахаж оруулж ирэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна уу.
УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:
-1997 оны Засгийн газрын 234 дүгээр тогтоолоор тухайн хийсэн ажлыг нь тухайн үед байгаа тооцооллоор нь 714 760 ам.доллар гэж гаргасан. Тэрнээс төгрөгийг нь шилжүүлээгүй. Зөвхөн хийгдэж байгаа, хийгдсэн ажлуудыг нь тухайн үеийн ханшаараа үржүүлэх байдлаар гаргасан. Дараа нь бас шинэчлэгдсэн. 2006 оны хуулийн дараа ахин энэ аргачлал нь шинэчлэгдсэн. Тэрүүгээр нь бас тооцож үзсэн. Энэ дүнгээсээ нэмэгдэж гарч байгаа юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Тэр хоёр аргачлалыг Г.Уянга гишүүнд ер нь ирүүлчихсэн нь дээр ээ. Ер нь аргачлал нь нэлээн хэдэн элементтэй. Логикийн хувьд эхлээд бодлогоо батлуулсан. Тэгээд хуулиа оруулаад ирсэн. Энэ яаж байна вэ гэхээр бүтээн байгуулалтын цаг 6, 7 сар байдаг. Тэгээд хойноос нь яг залгаад л орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр УИХ дээр бол хэлэлцэх дэс дарааллын хувьд нь хууль нь урдаа ороод явчихсан. Өргөн баригдаад гурван долоо хоног өнгөрч байгаа л даа. Ийм дэс дараалалтай явж байгаа юм.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин