АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН АСУУДЛААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ УС, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Э.ЕРӨӨЛТӨӨС ТОДРУУЛЛАА.
– Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр өглөөнөөс эхлэн угаар, хий үнэртэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Энэ яг угаар байсан уу? Энэ талаар?
2023 оны 10 сарын 12-ны өдөр олон нийтийн нийгмийн сүлжээгээр газ эсвэл угаарын хий үнэртэж байна гэсэн асуудлууд их явсан. Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Экологийн цагдаагийн албатай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Шалгалтын явцад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуй нэгж Хог хаягдлын тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн тодорхой бүлэг, заалтуудыг зөрчин аюултай хог хаягдлыг бохирын төв магистраль шугамын худагт хаясан болохыг урьдчилан тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэгэхлээр энэ асуудлын уг суурь нь агаарын чанарт нөлөөлсөн аюултай хог хаягдлын тухай асуудал байна.
– Аюултай хог хаягдлыг хаана хаях ёстой байдаг вэ? Энэ асуудлыг ямар хууль, дүрэм журмаар зохицуулдаг вэ?
2017 онд шинэчлэн баталсан Хог хаягдлын тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам” 1 дүгээр, “Аюултай хог хаягдлын жагсаалт” 2 дугаар хавсралтаар зохицуулагддаг.
Эдгээр хууль, журмын дагуу бол тухайн аж ахуй нэгж Аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалах эсхүл цуглуулах, тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр тээвэрлэлт хийлгэж, хадгалах, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид хүлээн өгөх ёстой байсан. Хэрэв зориулалтын бус газар хаясан нь тогтоогдвол Эрүүгийн тухай хуулийн 20.11 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээдэг.
– Аюултай хог хаягдлыг төвлөрсөн шугамд хаясанаар ямар хор хохирол учрах эрсдэлтэй вэ?
Бохирын шугам нь тодорхой шалтгааны улмаас 100 хувь дүүргэлттэй урсдаггүй. Учир нь хоосон хэсэгт бохироос үүсэх төрөл бүрийн хорт хийнүүд ялгарах зайг үлдээдэг. Гэтэл их хэмжээний шингэн аюултай хог хаягдал нь бохирын шугамыг дүүргэн, бохиртой урвалд орж хорт хий агаарт тархах, цаашлаад хүний эрүүл мэнд амь насанд ч хүрэх аюултай юм.
– Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аюултай хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбоотойгоор ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ? Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа дурдвал?
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах барих ажлыг 15 аймаг болон Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагаан давааны хогийн цэгт 2020 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон болон улсын комист хүлээлгэн өгөхөөр хүлээгдэж байгаа нийт 9 аймгийн төвийн барилга байна.
Цаашдаа эдгээр агуулахуудын ашиглалт, үйл ажиллагааны менежментийг Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хувийн аж ахуй нэгжтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж байна.
Эцэст нь өчигдрийн энэ асуудал нь Аюултай хог хаягдлын хууль, дүрэм журмын хэрэгжилт, аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах нь ямар ач тустай зүйлийг нийт иргэдэд ойлгуулсан сургамжтай үйл явдал боллоо.
Эх сурвалж: mass.mn