Манай нүүрс, зэсийн том ордууд дээр гадныхан орж ирдэг. Зарим ордоо ийм байдлаар алдаж оноод “ашиглаж” эхэлсэн. Одоо уран руугаа орж байна. Дорноговийн нутаг дахь Зөөвч Овоо, Дулаан уул, Өмнөт ураны ордыг француудтай хамтарч ашиглахаар болов. Энэ гурван орд тус бүр дээр ашиглалтын лицензтэй. Зөөвч Овоо MV-018915, Дулаан уул, MV-018916, Өмнөт MV-018914 дугаар бүхий лицензийг эзэмшдэг. Эднээс Зөөвч Овоо нь 93 291 тн, Дулаан уул 6 260 тн ураны нөөцтэй. Энэ нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлдэг.
Эдгээр лицензийг “Бадрах энержи” ХХК эзэмшдэг. Энэ компанийн 66 хувийг “Арева Монгол” ХХК-иар дамжуулан Францын төрийн өмчит “Орано майнинг” эзэмшиж байна. Харин 34 хувийг нь “Мон-Атом” ХХК-иар дамжаад “Эрдэнэс Монгол” ХХК буюу Засгийн газар эзэмшдэг.
Сар гаруйн өмнө манай Засгийн газрын төлөөлөгчид, тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Францад очиж “Орано групп” ерөнхий захирал Клод Имовентэй Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа. Протоколын талаар эх сурвалжууд “…Талууд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн”, “…Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцэн тохиролцсон үндсэн нөхцөлүүд болон байгуулах цаг хугацааны талаар зөвшилцсөнийг нотлох үүднээс энэхүү Протоколыг үйлдсэн” гэж мэдээлж байна.
Мөн “…Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байх бөгөөд 20 жилээр сунгах боломжтой гэж зөвшилцсөнийг УИХ-аар эцэслэн батална”, “…Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч байхаар тохирсон. Үүнийг үнэ төлбөргүй эзэмшинэ”, “…Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналд татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар тусгасныг Татварын ерөнхий хуульд заасан дөрвөн жилээр мөрдөнө”, “…Талууд хөрөнгө оруулалтын гэрээг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө гарын үсэг зурж, 2024 онд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргана” гэжээ. Түүнчлэн дээрх протоколд оролцоод ирсэн ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан “…Төсөл 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй. Тэгэхээр 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах учраас 34 хувиас татгалзаж, 5.0 хувийн АМНАТ авах боломжтойг судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой” гэв.
Үүнээс хойш Монголд ураныг ойлгуулах “ухуулга” маш сайн хийлээ. Мөн Францтай хамтарч “ухах”-ын ач холбогдлыг ч сайтар сурталчиллаа. Тэр зөв. Төр ийм нээлттэй байх ёстой юм. Гэхдээ нэг зүйл дээр маш том алдаа хийж байна. Юу гэвэл, ураны асуудал УИХ-аар ороогүй байхад дээрх “тоо”-нуудыг Францтай очиж тохирчээ. Тэгвэл УИХ яах гэж байдаг вэ. “…УИХ бол бага ард түмэн” гэдэг. Үндсэн хуульд “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, УИХ-ын тухай хуульд “…УИХ-ын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино” гэж заасан.
Гэтэл нийтийн эрх ашиг буюу байгалийн баялгийн асуудал, тэр дундаа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх нөөцтай Зөөвч-Овоо, Дулаан уулын ордыг ашиглах тал дээр УИХ-гүйгээр ийм “тохироо” хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Өмнө нь ингэж байгаад алдсан түүх бий. “Эрдэнэтийн 49”-ийн тухай бүгд мэднэ. Оросын талд байсан 49 хувийг худалдаж авчирсан. Буяныг нь ковидоор хүртсэн. Дайн болж Оросын гэсэн болгон хоригт орж байхад “Эрдэнэт” урьдын адилаар экспортоо хийж, ашиг орлого авчирсаар байна. Тэр утгаараа “Эрдэнэтийн 49”-ийг Монголд авчирсан Д.Эрдэнэбилэг буруутах учиргүй байгаа юм. Гэвч энэ худалдан авалтын талаар УИХ “мэдээгүй” өнгөрсөн нь асуудал болсон. Тэр үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэгээд л эх орноосоо зугтчихаад байна. Түүний ирж чадахгүй байгаа бас нэг шалтгаан бий. Дубайн гэрээ буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг бас л нийтээрээ мэднэ. Монгол Улсыг өрөнд оруулсан “гэрээ” болсон гэдэг. УИХ байтугай Засгийн газар нь мэдээгүй байхад Дубайд очоод гарын үсэг зурчихсан гэдэг. Үүнээс болоод 2016 оны нэгдүгээр сард УИХ-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг хэлэлцэж байв. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр, ер нь л байгалийн баялагтай холбоотой УИХ-гүйгээр зөв “хөдөлсөн” Засгийн газар ч бурууддаг. Ялангуяа уран хэмээх анхны бөгөөд маш эмзэг “сэтгэгдэл”-тэй ашигт малтмалыг УИХ-ын “зөвшөөрөл”-гүйгээр Францад очиж ярьсан нь маш ноцтой. Ингэж үзэх нэг сонин зүйл энэ ураны “тохироо”-той холбоотойгоор сонсогдох болов. Сар гаруйн өмнө дөө, манайхныг Францад очиход Роберт Фрийдланд зөрж ирж “Монголын уул уурхайн долоо хоног 2023”-т оролцсон. Тэрбээр “…Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй харьцаж, хамтын ажиллагаагаа өгөөжтэй өрнүүлж чадвал дараагийн Конго болоход бэлэн байна. Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хийхгүй бол тэнэг хэрэг болно” гэчихээд явсан. Түүнд Монголын төр “Алтангадас” одон хүртээсэн. Шулуухан хэлэхэд, Роберт Фрийдланд уран дээр Монгол, Францыг хамтрахад оролцож байна. Тэрбээр “зууч”-ийн үүрэг гүйцэтгэж буй бололтой юм. Харин түүнд Монголын нэг Сангийн сайд асан эрхэм зуучилж буй ажээ. Сонин биш гэж үү. Энэ удахгүй тодорхой болно. Түүнээс гадна, одоо тэгээд УИХ тэдний ярьсныг сонсож байгаад л “удирдлагатай машин” шиг гараа өргөх үү. Эсвэл “бага ард түмэн”-ий үүргээ хэрэгжүүлж эхнээс нь ярих уу. Ийм том асуудлууд үүснэ. Үүнээс ч муу үйл явдал дагахыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, ураны “тохироо” удахгүй Дубайн гэрээ, “Эрдэнэтийн 49”-ийг давтах вий. Одоогийн Ерөнхий сайд оргон зугтахдаа ч тулж мэдэх юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин