МУИС-аас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-тэй хамтран ажиллах хүсэлт хүргүүлсний дагуу өнөөдөр /2018.12.04/ тус хоёр байгууллага санамж бичигт гарын үсэг зурлаа. Улс төрөөс ангид ажилладаг хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлзүйг эрүүлээр хөгжүүлэх, МУИС-д сэтгүүлч мэргэжлээр суралцан төгсч буй төгсөгчдийг дадлагажуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн гол үүргийг идэвхижүүлэх тал дээр хамтарч ажиллах юм. МУИС сэтгүүлчдийг мэргэшүүлж, сургалтын орчин, бааз сууриар хангаж ажиллах бол МСНЭ төгсөгчдийг сонин, телевиз, цахим мэдээллийн хэрэгсэлд дадлагажуулахад анхаарч, ажлын байранд зуучлах чиглэлд анхаарал тавьж ажиллахаар тохиролцлоо.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан гэж салбарынхан үздэг. Гэвч нөгөө талаар сэтгүүлзүйн салшгүй нэгэн хэсэг болон нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ орхигдуулсан гэж үзэж байгаа учраас МСНЭ үүнд илүү анхаарал хандуулж, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, хараат бус ажиллах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолсон юм.
МСНЭ-ийн удирдлагын баг шинэчлэгдээд удаагүй байгаа ч гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, сэтгүүлчдийн мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа юм.
Тийм ч учраас “МСНЭ, МУИС гэсэн олон түмнийг соён гэгээрүүлэх зорилго нэгтэй байгууллагууд хамтран ажиллахаар болж байгаад таатай байгаа”-гаа МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар өнөөдөр болсон санамж бичиг зурах ёслолын үеэр онцлон хэлсэн юм.
Цаашид МСНЭ-ийн удирдлагууд “Монгол Улсад сэтгүүлч бэлтгэж байгаа төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудтай хамтран ажиллаж, чанартай мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулна” гэлээ. Энэ ажлын эхлэл нь боловсролын болон сэтгүүлчдийн ууган хоёр байгууллагын хамтын ажиллагаа болж байна.
Б.ЗАЯА