АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Орос улсаас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжин баталжээ.
Улмаар хууль хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дараачаас бага хувиар баяжуулсан уран импортлохыг бүрэн хориглох ажээ. Одоо хуулийн төслийг Сенатын танхим болон Ерөнхийлөгч Жо Байден батлах ёстой.
Гэхдээ цөмийн реакторуудыг ажиллуулах ураны өөр эх үүсвэр байхгүй тохиолдолд уг хоригийг цуцлахыг зөвшөөрөх бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр импортын зөвшөөрөл олгож болно. Хориг 2040 оныг дуустал үргэлжилнэ.
Эрчим хүчний яамнаас мэдээлснийг үзвэл, Америкийн цахилгаан станцуудад ашиглаж буй ураны ихэнхийг импортоор авдаг бөгөөд импортын 12 орчим хувийг ОХУ эзэлж байна.
Эх сурвалж: montsame.mn