УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө УИХ-аас байгуулах ёстой. Ташрамд онцлоход, УИХ-тай холбоотой нэмэлт өөрчлөлт шинээр орсон гурван чухал хууль дүрэм шинэ 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үүнд,
__Үндсэн хуульд шинээр оруулсан 20.1 дэх “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт.
__УИХ-ын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хууль
__Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хууль.
Дээр дурдсан, шинээр үүссэн нөхцөл байдлаас хамаарч шинэ 2024 оны 1 дүгээр сарын 15-нд намрын чуулганаа өндөрлүүлж завсарлах хуваарьтай УИХ-ын эрхэм гишүүд парламентын олонх цөөнхийн төлөөллөө харгалзахгүйгээр дуу дуугаа авалцан шинэ он гарахаас өмнө 2024 оны УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулах асуудлыг эцэслэн шийдье гэдэгтэй санал нэгдэж байна.
Парламентад бүлэгтэй МАН, АН, төлөөлөлтэй ХҮН намын нөлөө бүхий улс төрийн лидерүүд УИХ-ын сонгуулийг бүсчилсэн томсгосон тойргоор явуулах тухай байр суурь үзэл бодлоо илэрхийлж байна.
Манай улс Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Говийн гэсэн таван бүстэй. Бүс бүрийг сонгуулийн нэг тойрог болгоё гэж яригдаж байна. Мөн Баруун бүсийг дотор нь хоёр тойрог, Хангайн бүс хоёр тойрог, Төвийн бүс хоёр тойрог, Зүүн бүс нэг дангаараа нэг тойрог гэсэн санал илүү давамгайлж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг бүс, Хөвсгөлийн Цаатангуудын нутгийг бас нэг бүс болгоё гэсэн санал санаачилга гарч байна. Тайлбар нь: Үндэстний цөөнхийг дэмжиж байгаа нэг хэлбэр гэнэ.
Гэхдээ УИХ-д гишүүнээр казах үндэстэн болон цаатан /тува/ үндэстний төлөөллийг оруулъя гэвэл тэдэнд зориулж заавал тусад нь УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах бус улс төрийн намууд жагсаалтаар парламентад гишүүн болж орж ирэх 48 нэрсийн дарааллын эхэнд нэр дэвшигчээр бичихэд хангалттай үр дүнд хүрнэ гэсэн өөр бодолтой улс төрчид ч байна.
Парламентын эрхэм гишүүд, үндэстний цөөнхөө дэмжих үүднээс казах, цаатан нарт зориулсан УИХ-ын сонгуулийн нэг нэг тойрог Баян-Өлгий аймаг, Хөвсгөл аймагт байгуулах, эс байгуулах хоёр хувилбарын алиныг сонгож шийдвэрлэхийг иргэд олон нийт эцэслэн мэдэх хугацааны цаад тал нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр -12 дугаар сарын 29 хүртэл ердөө найм хоногийн зай байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн чухал заалт байдаг.
Эх сурвалж: aguulga.mn