Хөвсгөл аймгийн Засаг дарга орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Баянзүрх сумаас орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан онлайнаар 22 сум 1 тосгоны төрийн байгууллагын удирдлагуудтай онлайн хурал хийв.
Онлайн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил болон сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас өнгөрсөн жил цахим Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд бүх сумтай онлайн хурал хийх тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулж Мөрөн, Жаргалант, Рашаант зэрэг сумаас онлайн олимпиадыг амжилттай зохион байгуулсан байна. Энэ нь иргэдийн цаг зав болон санхүү хэмнэх чухал ач холбогдолтой учраас цаашид аймгийн хэмжээнд хурал, олимпиад зэргийг онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.