Европагрид Монголын Хийн Сүлжээ (MGN) компани Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон түүний харъяа дүүргүүдийг хамарсан байгалийн хийн түгээлтийн сүлжээний төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
“Урт хугацааны шийдэл” бүхий энэ төсөл нь нийслэл хотын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд үлэмж хувь нэмэр оруулаад зогсохгүй дотоодын бизнесүүд болон орон нутгийн иргэдэд аюулгүй, үр ашигтай, зардал хэмнэсэн дулааны болон эрчим хүчний эх үүсвэр ашиглах томоохон боломж олгохуйц тогтвортой эрчим хүчний сүлжээ бий болгосноор эдийн засгийг сайжруулахад чиглэгджээ.
Энэхүү хийн сүлжээний түгээлтийн үйлчилгээг хүн амд аль болох хүртээмжтэй байлгах үүднээс тус компаний хувьд нэгдсэн шугам хоолойн сүлжээ байгуулж, байгалийн хий агуулах цистернүүд бүхий бие даасан хий түгээх төвүүд байгуулах түгээлтийн технологиудыг хослуулахаар төлөвлөсөн байна.
Төслийн эхний хөрөнгө оруулалт болох 180 сая ам.долларыг Улаанбаатар хотод хэдэн зуун километрийн урттай хий түгээх шугам хоолой бүхий шинэ эрчим хүчний дэд бүтэц байгуулахад шууд хөрөнгө оруулах ажээ.
“Европагрид Монголын Хийн Сүлжээ” компанийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн Н.Тэгшбаяр “Бид жил бүр 20 000 хэрэглэгчийг хийн дэд бүтэд холбох зорилт тавьсан. Экологид ээлтэй хийн дэд бүтцийн энэхүү төслийг улс дэмжвэл айл өрх бүр үр дүнг нь хүртэнэ” гэж хэллээ.
“Урт хугацааны шийдэл”-ийн төлөвлөгөө нь дэлхий хэмжээнд хийн хоолойн дэд бүтцийн хөгжүүлэлтийн хамгийн том төслүүдийн нэгд тооцогдож буй юм. Энэхүү цогц, нарийн техникийн төслийг гүйцэтгэх, дизайн гаргах, бүтээн байгуулахад багагүй хугацаа шаардана. Дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэний дараа Монгол Улс, түүний нийслэл хотынхны ирээдүй хойч үе ашиг тусыг нь хүртээд зогсохгүй нүүрстөрөгчийн ялгарал, агаарын бохирдлыг арилгахад чухал үр нөлөө үзүүлэх юм.
“Европагрид Монголын Хийн Сүлжээ” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Рори О’Нэйл төслийн талаар “Энэ зах зээлд 2018 оны нэгдүгээр сараас хойш судалгаа хийж байгаа бөгөөд бидний энэхүү “Монголын хийн сүлжээ” төсөл нь ойрын жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аюулгүй бөгөөд цэвэр эрчим хүчний дэд бүтцийн цуврал төслүүдийн эхнийх нь юм” хэмээн тайлбарлалаа.
Тэрбээр цааш нь ”Байгалийн хий ашигласнаар эрчим хүчнээс үүдэлтэй санхүүгийн дарамт болон агаарын бохирдол буурах учиртай. Тиймээс бид хөгжиж буй эдийн засгийн амин судас нь болсон эрчим хүчний сүлжээний талаарх өөрсдийн мэдлэг, туршлагаа ашиглан бүхнээ дайчлан ажиллаж байна. Бидний “Урт хугацааны шийдэл” нь өргөн цар хүрээг хамарсан, том зорилго тэмүүлэлтэй. Энэхүү “тэргүүн санаачилга” нь нөөц боломжоо бүрэн ашиглах чадамжтай Монгол Улсыг бий болгон, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхныг цогцлоон, нийгэм дэх тэгш байдлыг хангаж, нийт хүн амын амьдралын чанарыг сайжруулан дэмжихэд чиглэгдэнэ” гэв.
Европагрид Монголын Хийн Сүлжээ (MGN) компани: Эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэгч, ялангуяа эрчим хүчний сүлжээний төслүүд болон эрчим хүчний интэрнэт сүлжээний технологийг гүйцэтгэдэг. Их Британийн Лондон хотод бүртгэлтэй тус компани нь хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан улс орнууд болон тивүүдийг хооронд нь холбосон хил дамнасан эрчим хүчний нэгдсэн сүлжээний төслүүдийг хөгжүүлдэг. Европагрид Монголын Хийн Сүлжээ компани нь энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан компани ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
Имэйл: contact@europagrid.com
Утас: +44 (0)20 8144 4140
Вэбсайт: www.europagrid.com
Bara Greplova — Europagrid
+353 87 464 8856
Н.Тэгшбаяр — Европагрид Монголын Хийн Сүлжээ (MGN)— Зөвлөх, ТУЗ-ийн гишүүн
+976 99119597.