Эхлэл УИХ Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болов

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг  хийж байна. Ажлын хэсэг болон зөвшилцөх ажлын хэсгээс гаргасан найруулга хийх  нийт 11 саналаар дахин санал хураалт явуулна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “ Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналаас хоёр нь зөвшилцөх ажлын хэсэг дээр дэмжигдсэн тул эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна…”  гэв.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: “О.Баасанхүү гишүүн бидний 62 гишүүний өргөн барьсан хуулиар УИХ-ын сонгуулийг хуулиар тогтооно гэж заасан. Ард нийтийн санал асуулга явуулах гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан. Эргээд зөвшилцөл явагдсан. Энэ явцад сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн саналыг АН-ын зөвлөл гаргасан. Өмнө нь  ч гаргаж байсан. 64 суудалтай МАН хүч түрж болохгүй гэсэн. Ингээд холимог тогтолцоогоор сонгууль явуулна гээд 2024 оноос хэрэгжүүлэхээр ойлголцсон. 76 тойргоос сонгогдсон гишүүдийн жалга довын депутат гээд байдаг. Тиймээс намын жагсаалтад нэр дэвшиж, улсын наадмын бөх гэдэг шиг улсын хэмжээний гишүүний сонгох гэсэн ойлголт” гэсэн юм.

Ингээд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжсэн. Гэхдээ  уг заалт  2024 оноос хэрэгжих юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here