Эхлэл санал Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд нь 2008 оноос хойш Төв аймгаас гурван удаа сонгогдсон юм.

“М.Энхболд нийт 30 мянган доллар буюу 80 сая төгрөгийг зөвхөн золголтод зарцуулсан”

Төв аймгийн залуучуудын төлөөлөл Б.Хатанбаатар “М.Энхболд нь 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллахдаа аяга, цаг гэх мэт бэлэг сэлтийг бас бус зүйлүүдтэй хамт 11 жилийн турш өрх бүрт тараасан.

Тэгвэл М.Энхболд нь 11 жилийн хугацаанд 3-4 тэрбум төгрөгийг зөвхөн сонгогдохын тулд ийм хэрэгцээгүй зүйл болгон тараажээ.

Гэтэл тэр мөнгөөр олон айлын орон сууц, ажлын байр, цэцэрлэг, сургууль барьж болох байсан.

Түүнээс гадна 2017 оны цагаан сараар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэр бүлийн хамт ахмад настнуудтай 100 доллароор золгоод явж байсан.

Гэр бүлийнхээ хамтаар тус бүр 100,100 доллароор багадаа 100 ахмадтай золгосон гэж үзвэл нийт 30 мянган доллар буюу 80 сая төгрөгийг золголтод зарцуулжээ.

М.Энхболдын энэ их мөнгө хаанаас гараад байна вэ.

Мөн тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш тойргийнхоо 600 орчим сонгогчийг гадаадад аялуулсан байна.

Тодруулбал, Түүний нэр дэвшсэн 28 дугаар тойрог нь 10 орчим сумтай бөгөөд нэг сумаас 60 орчим хүнийг гадаад руу аялуулсан гэх мэдээлэл бидэнд байна.

Аялуулсан нэг хүнийх нь зардлыг хамгийн багаар буюу нэг сая төгрөгөөр бодоход тэр зургаадугаар сараас хойш 700 сая орчим төгрөгийн зардал гаргажээ. Энэ бүх хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарч байна вэ.

М.Энхболд 2017 онд телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Надад бизнесийн орлого гэх зүйл байхгүй зөвхөн цалингаараа амьдарч байгаа” гэж ярьж байсан шүү дээ.

Өнөөдөр бид зөвхөн олон нийтэд ил болсон зүйл. Далдуур дахиад хэр хэмжээний хөрөнгийг юунд зарцуулж байгаа нь бид мэдэхгүй.

М.Энхболд Төв аймгийн иргэдийн итгэлээр 2008 оноос хойш сонгогдохдоо Ерөнхий сайд , Шадар сайд, УИХ-ын дэд дарга болон УИХ-ын дарга гэсэн өндөр сэнтийд заларч байсан бөгөөд өнөөдөр МАНАН бүлэглэлийн толгойлогчийн нэг болсон.

М.Энхболдод өндөр эрх мэдэл олгосон Төв аймгийн залуус өөрсдөө түүнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна” гэсэн юм.

“Нэр дэвшигчид иргэдээс луйвардсан мөнгөө дураараа зарцуулж, ялалт байгуулах явдлыг бид тэвчсээр байх ёстой юу”

Төв аймгийн залуучуудын төлөөлөл Б.Дөл “Биднээр олон залуу үеийнхэн санаа, бодлоо дамжуулж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Төрөөс маш олон тэрбумтнууд төрж, хэрэг хийсэн нь нотлогдсон ч чимээгүйхэн дарагддаг. Бид ч чимээгүй явсаар л байна. Ирэх онд УИХ-ын сонгууль болдгоороо болно. Харин хэрэг хийсэн нөгөө нэр дэвшигчид ард иргэдээс луйвардсан мөнгөө дураараа зарцуулж, ялалт байгуулж буй явдлыг бид цаашид тэвчсээр байх ёстой юу.

Ямар ч бизнесийн орлогогүй хүн ийм их мөнгө зарцуулаад яваад байхад хууль, хяналтын байгууллага яагаад шалгахгүй өдийг хүрэв. Аргаа барсандаа залуус бид өнөөдөр байр сууриа илэрхийлж байна” гэлээ.

Мөн “Өнөөдөр залуус улс орныхоо төлөө дуугараад эхлэхээр “Аль намынх вэ” гэсэн асуултаар дардаг. Бид Монгол Улсын иргэн учраас л болж бүтэхгүй байгаа зүйл дээр санал нэгдэж байна” гэдгийг Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Оргил хэллээ.

Эх сурвалж: arslan.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here