УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент маргааш намрын анхны чуулганаа эхлүүлэх гэж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Маргааш чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм. УИХ эхний долоо хоногтоо хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
-Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай
-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
-Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/