Хойд бүс буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт өнгөрсөн парламентын сонгууль найман мандаттай зохион байгуулагдаж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. АН-аас экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас бусад нь өвдөг шороодсон байдаг. Тэгэхээр орон нутгийн сонгуулиар баруун бүсэд МАН ялах магадлалтай гэсэн үг. Булган, Хөвсгөл, Орхон аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдаж байгаа тухай тоймлон хүргэе.
Булган аймгийн ИТХ 29 мандаттай. Аймгийн АН-ын даргаар, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажилласан. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан, амжилтаа баталгаажуулах зорилготой. Булганы АН “Булган нутгаа хамтдаа хөгжүүлье” уриа дэвшүүлжээ.
Булган аймгийн МАН-ын хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүлж байна. Тэрээр орон нутагтаа намын гишүүдээ зангидан ажиллаж байгаа юм. Булган аймгийн МАН жендэрийн манлайлал үзүүлж 34.4 хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн гэлээ.
Хөвсгөл аймгийн АН-ыг аймгийн дарга асан Ш.Идэрбаясгалан тэргүүлж байна. Тэрээр саяхныг хүртэл Засаг даргаар ажиллаж байв. “Хөвсгөл Барнууд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Хөвсгөл аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчээр мөн ажилладаг.
Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны даргаар Л.Төмөрбаатар ажиллаж байна. Өмнөх орон нутгийн сонгуулиар тус аймагт АН ялалт байгуулж, засгийн эрхээ хэрэгжүүлсэн. Ерөнхийдөө цэнхэртэх дуртай аймаг гэдэг. Энэ удаа Хөвсгөлийн МАН-аас “Хариулцлагаа сэргээж хамтдаа урагшилъя” уриа дэвшүүлжээ.
Орхон аймгийн МАН-ыг УИХ-ын гишүүн Д.Батлут тэргүүлсэн хэвээр байгаа. Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшин хойд бүсээс улиран сонгогдоод байна. Орон нутгийн сонгуульд МАН “Хөгжлийн илгээлт-50” уриатай өрсөлдөж байгаа юм.
Орхон аймгийн АН-ыг Ц.Батхуяг нэлээд удаан хугацаанд тэргүүлж байгаа нэгэн. Он цаг хөөвөл 2020 оноос эхтэй. Орхон аймгийн гаралтай тэрээр АН-даа бас нэлээд нэр хүндтэй нэгэн. АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүнд багтдаг юм билээ. Өмнөх сонгуулиар парламентад нэр дэвшихээр аймгаа тойрч явсан удаатай. Харин 2024 онд сонгуулийн тойрог томссоноор нэр дэвшиж чадаагүй. Нам дотроо Х.Баттулгын фракц хэмээгддэг нэгэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин