Эхлэл Архив СЕХ-нд “Номтойбаярын сонгогдох эрхийг зөрч” гэсэн үүрэг өгсөн гэв үү?

СЕХ-нд “Номтойбаярын сонгогдох эрхийг зөрч” гэсэн үүрэг өгсөн гэв үү?

МАН-аас хасагдаад, бие дааж нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хоёр хоногийн өмнө УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших бичиг баримтаа СЕХ-нд бүрдүүлж өгчээ.

Гэтэл хуулийн дагуу бичиг баримт хүлээн авах хугацаа өчигдөр /2020.5.21./ дуусгавар болмогц Н.Номтойбаярын  баримтаас ямар нэгэн байдлаар зөрчил олж нэрийг нь татуул гэдэг үүрэг өгсөн байж болзошгүй талаар зарим хэвлэл, мэдээллийн сайтад нийтэлсэн байна.

Гэвч ийм албан тушаал эрх мэдэлтний үүрэг чиглэлийг хэрэгжүүлж хууль бус үйлдэл хийх эрх болоод ёс суртахуун СЕХ, түүний дарга, гишүүдэд байх учиргүй юм байна.

Ер нь бол СЕХ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.
Тус хороог анх УБХ-ын 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор УИХ-ын дэргэд 15 гишүүнтэйгээр байгуулж байв.

УИХ 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталсан билээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү бие даасан хуулиар баталгаажуулсан.

Уг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3.4-т “Хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулна”, 3.5-д “Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтална” гэсэн байдаг.

Тэгэхээр Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагыг сонгох ардчилсан сонгуулийг  найм дахь удаагийн сонгуулиа зохион байгуулах гэж буй СЕХ нь ийм нөлөөлөлд автахгүй байх эрх зүйн орчин нь байна. Мөн өдгөө СЕХ-г Ч.Содномцэрэн удирдаж, Нарийн бичгийн даргаар Ц.Болдсайхан, гишүүдээр О.Амгаланбаатар, Г.Байгальмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Б.Баасандорж, С.Баатаржав нарыг ийм үйлдэл хийхгүй гэдэгт итгэж болох хүмүүс хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here