Сонгууль нэгэнт эхэлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид үнэмлэхээ гардаад сошиал холбоотойгоор тойрог руугаа гарч өгнө. Хорь хоног пижигнээд ялсан, ялагдсанаа сонсоно.
Энэ жилийн сонгуулиар олон хүн харамслын нулимс унагана даа. Нам намын нэр дэвшүүлэх процесс нулимстай, нударгатай эхэлсэн. Түүгээрээ л дуусна.
Нөгөө талаас 2020 оны сонгууль ихээхэн онцлогтой. МАН өмнөх сонгуулийн амжилтаа хадгалах, ядаж засгаа дангаар бүрдүүлэх бодолтой орж байгаа. АН бас л 2012 оных шиг засаглаж үзэх санаатай. Тал тал тийшээ хараад байсан фракцуудын дийлэнх нь сонгуулийн өмнөхөн С.Эрдэнэд нэгдсэн.
МАХН-д суурилсан “Та бидний эвсэл, бас ШИНЭ эвсэл, Электорат эвсэл, бие даагчид гээд энэ сонгууль жинхэнэ тулаан болно.
Ийм хариуцлагатай цаг үед МАН-ын дарга У.Хүрэлсүх баахан хөнгөн жингийн нэр дэвшигчид оруулж ирж, Бага хурал нь дэмжээд гаргасанд олон нийт ч, МАН-ынхан ч ангайж байна.
Ёстой л “Юу болоод өнгөрөв өө” гэдэг шиг нэр дэвшигчид туршлага, мэдлэгийн наборуудыг мөргөж унагаад ороод ирсэн нь гайхалтай.
Яалт ч үгүй МАН-ын даргын “манай баг” гэсэн нэрээр намаасаа ямар ч байсан гарчээ. Харин тойрог нь яаж хүлээж авах бол?!
Нэг тойрог харъя. Баянхонгор аймаг. МАН-аас парламентын спикер Г.Занданшатар ахлагчтай баг орно. Багт нь хоёр хүн бий. Эхнийх нь болох “Эм Си Эс”-ийн Л.Элдэв-Очир бол яах вэ. 2016 онд одоогийн Ерөнхийлөгчийн тонгорчихоод орж ирсэн. Байнгын хорооны дарга хийгээд үзсчихсэн. Нэг их овойж товойсон биш боловч амьтайгаа улстөрч. Тэгэхээр спикертэйгээ дөрөө харшуулаад явчихад нэг хэн хэнд гай болохгүй. Гавьяа ч болохгүй.
Харин энэ багийн хамгийн товгор гишүүн М.Билэгт намаасаа гарч ирж чадсангүй. Уг нь М.Билэгт бол Баянхонгороос халиад улсын хэмжээнд танигдчихсан байв.
М.Билэгт бол олны анхааралд байсаар ирсэн. Хамаагүй ярьдаг, ярихдаа онцлогтой гээд л хувь хүн талаас нь шүүмжилдэг л юм. Гэвч энэ парламентын бүрэн эрх дуусч, дүнгээ тавихад М.Билэгт гишүүн л онц сурлагатнаар шалгарч байна лээ. Хурал тасалдаггүй, үг үлдээдэггүй. Бусад үүргээ онц биелүүлсэн.
Ерөөс М.Билэгт гишүүн бол өөрийнхөөрөө, үгээ хэнээр ч заалгадаггүй. Өнгөрсөн дөрвөн жилд малчдын тухай, орон нутгийн талаар хамгийн их анхаарал тавьж ярьж, асуудал оруулж байсан гишүүн тэр л байдаг.
Ийм учраас М.Билэгт бол өнгөрсөн парламентын бас нэг сонирхолтой өнгө болж байсан юм. Угаасаа дэлхийн улс төр өөрчлөгдөж байна. Монголын улс төр ч өөрчлөлтийг хүсч байна. Тэр хэрээр хуучин социалист нийгмийн үеийн, түүнээс хойшх 30 жилд нам дагаж парламентад орж ирдэг нэг хэвэнд цутгасан “тугалган цэрэг”-үүдээс залхаж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн характер, өнгө аястай, хэн нэгэн даргын “кноп” болчихгүй гишүүнийг хүсэмжлэх болсон нь элдвийн судалгаагаар давхардаж нотлогдсон байдаг.
Тиймээс спикерийн баг М.Билэгттэйгээ явсан бол барагтай аавын хүү цөмлөөд гарч ирэх боломжгүй хүчтэй баг байх байлаа.
Гэвч МАН-ын даргын сонголтоор Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэмээх аятайхаан бүсгүй Г.Занданшатар, Л.Элдэв-Очирыг хоёрыг сугадаад Баянхонгорт очжээ.
Б.Батцэцэг яалт ч үгүй л Баянхонгорын бүсгүй ажээ. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төржээ. Тэрбээр Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн байна.
Түүнийг олонд таниулсан нь аавынх нь 1996 онд байгуулж байсан “Мөнхийн үсэг” компани юм. Одоо групп болоод “Аз хур”, “Монгол үнэт цаас, хэвлэл” зэрэг охин компанитай болсон.
Б.Батцэцэгийг улс төрийн карьерийг 2010 оноос эхэлсэн гэж болно. Тэр үед мань бүсгүй МАХН-ын ажлын албанд зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Дараа нь 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх байв.
Б.Батцэцэг МАН-ын дарга У.Хүрэлсүх, одоо хамт нэр дэвшиж байгаа спикер Г.Занданшатар нартай эртний андууд юм байна.
Түүх сөхвөл, 2007 онд Ч.Чимэдцэрэнгийн хэргийг шалгаж байсан ЦЕГ-ын УМБГ-аас 1999 оны тавдугаар сарын 31-нд байгуулагдсан Эрх зүйн туслалцааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт мэдээлэл хүссэн хүсэлтийг илгээж байжээ. Хүсэлтэд уг хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 25 хүний Сөүл хот дахь “Sheraton” зочид буудлын “Walker Hill” казино, “Goex” зочид буудлын “Seven Luck” казино, “Hyatt” зочид буудлын “Paradise” казиногоор үйлчлүүлсэн мэдээллийг хүссэн байдаг. Үүний дагуу БНСУ-аас Ц.Чимэдцэрэн болон Монголоос очсон хүсэлтэд нэр дурдагдсан хүмүүсийн казинод орсон гарсан, мөнгө солиулсан, дахин солиулсан талаарх мэдээллийг илгээжээ.
УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг байв.
“Б.Батцэцэг 2006 оны аравдугаар сарын 20-ноос 2007 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл “Seven Luck” казинод орсон боловч мөнгө солиулсан бүртгэл байхгүй” гэсэн мэдээлэл ирсэн байгаа юм.
Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй. Хамгийн гол нь түүнийг М.Билэгтээр сольсон нь санаандгүй явдал биш, олон жилийн нөхөрлөл, үнэнч байдал ийм том эрхээр “шагнуулахад” хүргэсэн болов уу гэсэн хардлага төдий юм.
Гэхдээ төрд орох дуртай бол казиногоор гүйхээ татах хэрэгтэй. Хуулиар хорихгүй ч ёс зүйн хувьд муухай. Түүнчлэн Б.Батцэцэгийг хувийн компаниараа төрийн тендер авдаг гээд шүүмжилдэг. Үнэн бол бас л болих хэрэгтэй.
Жил гаруйхны өмнө Гадаад харилцааны дэд сайд бүсгүй маань тусгаар тогтнолын асуудал тун чиг том “хэрэг” тарьж байв.
Монгол Улс ШХАБ-т элсэх эсэх талаар улстөрчид, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж “Зөв, буруу” гээд маргаж байв. Тэр үед ГХЯ мэдэгдэл гаргаж, дэд сайд Б.Батцэцэг товчхон ярилцлага өгч, яамныхаа сайтад тавьсан байв. Тэр ярилцлагадаа маш том асуудлыг маш эвгүй ярьсан байдаг. “Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай ярилцлагад “Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг” гэжээ. Энэ нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг үгүйсгэж, доромжилсон өнгө аястай байна. Мэргэжлийн дипломатч байтугай Монгол Улсын жирийн иргэд нь илэрхийлж чадахгүй тийм үг өгүүлбэр дэд сайдын ярилцлага дунд яваа нь харамсалтай. Хамгийн гол нь дэд сайд Б.Батцэцэгийн энэ үг нь эх орноо бусдын эрхшээлд ороход бэлэн гэх мэдэгдэл хийж, олон нийтэд тарааснаараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, цаашлаад Засгийн газар улс орны бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолын асуудалд ийм байр суурийг илэрхийлэв үү гэцгээсэн.
Энэ мэтийн цаашид төрд ажиллах бэлтгэл сургуулилт энэ бүсгүйд маш хэрэгтэй юм.
Тиймээс Б.Батцэцэг нь энэ сонгуулиар Баянхонгор нэр дэвшигч бусад улс төрийн хүчин, бие даагчдын хувьд спикерийн багийн ганцхан ташаад хэвтүүлчихэж болох “сул хөл” нь болж буй ажээ.
Эх сурвалж: news1.mn