МАН-ынхан засаг барьж, эрх мэдэлд хүрсний дараахнаас Монголд байтугай дэлхий даахааргүй хэдэн муу хүн гарч ирсэн. Нэг нь Н.Номтойбаяр байв.
Түүн рүү тролл, өөр юу ч билээ, зохион байгуулалттай бүлэг цахим сүлжээ, хэвлэл, бусад арга хэрэгслээр зогсолтгүй дайрсан. Их ч мөнгө хаясан биз. Одоо улам эрчимжиж байна.
Энэ бүхэн өөрийнх нь буруу л даа.
Бодсоноо нуухгүй, санаснаа ил хэлчихдэг гайтай чанартай. Дагаж далдагнадаггүй, даргад долигнодоггүй зөрүүд зантай нь Н.Номтойбаярын сул тал юм.
Тийм болохоор зарчим таарахгүй л бол хүний өөрийн нам, өөрөөс нь том жижиг дарга ялгаагүй тэрсэлдчихдэг. Олон үйл явдлаас тэр нь харагддаг.
Н.Номтойбаяр өмнө нь Дорнодын тойргоос хоёр удаа нэр дэвшиж, хоёр удаа сонгогдсон. МАН-ын УЗ-ийн гишүүн, бас залуучуудын байгууллагынх нь ерөнхийлөгч байв.
Уг нь амаа хамхиж, бусдыг дагаад явсан бол намдаа байгаад, гишүүн хэвээрээ сонгуульд орж болмоор л байсан юм.
Гэвч тэр тэгсэнгүй. Адарсаар, сөрсөөр асар их дайралтыг өөр рүүгээ татсан.
Энэ нь түүний алдаа хэмээн харж байгаа юм.
Түүнээс хойш гүтгэлт дайралт улам гаарч, ширүүссэн дээ.
Одоо бие дааж нэр дэвшиж байгаа аж.
Хоёр сонгогдсон, ихийг хийсэн тойрог руугаа явсангүй. Хамгийн эвгүй, олон жил улс төрд явж, УИх-д сонгогдсон гишүүд хүртэл зугтаж буй Хан-Уул дүүргийг сонгогсон байх юм. Сонсох нээ, ингэж нэр дэвших учир жанцан байсан бололтой юм.
Н.Номтойбаяр бие дааж нэр дэвшсэн нь олон хүний аазгайг хөдөлгөжээ. Хөшигний ард олон жил явж, “гох” дарж явсан нөхдийн зарим нь тэсэлгүй ил гарч ирээд “буудаж” байх юм.
Настай намбатай улстөрч, том компанийн эзэмшигч гээд “жижиг гар”-ыг бол ганц цохилтоор нам авчих хүмүүс байв. Цаана нь олон хүн бий дээ.
Н.Номтойбаярын хэлсэн нэг үг бодогдож байна. “Би тулдаа тэсч байна. Надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байгаа” гэж тэр хэлсэн.
Тийм л дээ, Н.Номтойбаяраас өөр хүн бол тэсэхгүй, даахгүй. Тэр бол энэ багагүй хугацаанд өөрийг нь чиглэсэн хар PR-ыг дааж яваа “мешок”, тэгэх тэгэхдээ их хатуу “мешок” юм.