Эхлэл Архив Нүдээ нээ, СЕХ-ныхоон, түүх та нарыг шүүнэ

Нүдээ нээ, СЕХ-ныхоон, түүх та нарыг шүүнэ

 

Ардчиллын баталгаа бол хүний эрх юм. Ардчилсан сонгуулийн баталгаа нь монгол хүмүүний сонгогдох, сонгох эрх болой.

Тэрхүү сонгох, сонгогдох эрхийг хангадаг байгууллага бол СЕХ юм. Тэгэхээр бүх монголчуудын дээрх эрхүүд хангагдаж, сонгуулийг шударга зохион байгуулах үүрэг СЕХ-нд тохоогддог болно.

Энэ утгаараа СЕХ бол Үндсэн хуулийн Цэцийн адил дээрээ хөх тэнгэрээс өөр хэнийг ч гаргаж болохгүй.

Хуулиар эрх нь нээлттэй хүн бүр ямар нэг байдлаар бүх шатны сонгуульд оролцох ёстой. СЕХ оролцуулах ёстой. Харин сонгох, эс сонгохыг, сонгогдох,эс сонгогдохыг ард түмэн мэднэ.

СЕХ түүнээс өмнө нөлөөлөл үзүүлж, шийдвэр гаргах хориотой. Тэгэх юм бол гэмт хэрэг болно.

Энэ бол СЕХ, түүний зохион байгуулдаг бүх шатны сонгуулийн тулгуур зарчим нь юм.

Гэвч СЕХ сүүлийн өдрүүдэд эргэлзээ төрүүлсэн үйлдэл гаргах болов.

Ганцхан жишээ нь Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Н.Номтойбаярыг хар. Уг нь Баянгол дүүргийн шүүх СЕХ-ны бүрэн эрхэнд халдаж, нэр дэвшигчээр тогтоосон Н.Номтойбаярыг нь цагдан хорьсон.

Ийм хууль бус үйлдэлд СЕХ “боож үхэх” байтал шүүхийн шийдвэрийг дэмжсэн журмын заалт хүртэл “үйлдвэрлэсэн” талаар эх сурвалжууд мэдээллээ. Нэр дэвшигч үнэмлэхээ заавал өөрийн биеэр гардаж авна гэсэн агуулгыг СЕХ журамдаа өөрчлөн оруулсан байна.

Шууд утгаараа Н.Номтойбаярт зориулсан заалт гэдэг нь илэрхий харагдав. Учир нь 2020 оны уИХ-ын сонгуульд нэр дэвшигчид бүгд Улаанбаатарт байна. Ганц Н.Номтойбаяр 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярыг сонгуульд оролцуулахгүйн тулд шүүх, дээрээс нь СЕХ хүртэл оролцоод байна уу гэсэн эргэлзээ таамгийг олон нийт хийгээд эхэллээ. СЕХ-ны Ч.Содномцэрэн ч юм уу, Ц.Болдсайхан, эсвэл хэн нь ч юм Н.Номтойбаярт дургүй байж болно. Ийм байхыг үгүйсгэхгүй. Тэр хувь хүний л үзэл бодол юм.

Харин СЕХ бол Монгол төрийн сонгуулийн ардчилал, шударга байдлыг хангаж ажиллах ёстой хамгийн том байгууллага юм.

Гэтэл СЕХ үндсэн зарчмаасаа хазайж, тэгш бус байдлыг гаргаж, нэр дэвшигчдийг ялгаварлаж байгаа нь олон нийтэд таалагдахгүй болж байна.

Тэгш бус хэмээх, нэр дэвшигчдийг ялгаварлалаа гэх бодит жишээ бас гараад ирж байна. Н.Номтойбаяртай Хан-Уул дүүрэгт өрсөлдөх МАН-ын “шарк” Г.Амартүвшингийн ноцтой факт гарч ирээд “нохой шуугиулж” байна.

“Хас” банкны, Хөгжлийн банкны, “Шарк” гээд олон хочтой Г.Амартүвшин Нидерландын Вант улсын иргэн болохыг баталсан паспортын хуулбар нь цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа.

Тэр залуу өмнө нь 2014 онд Ниделандын Вант улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул болж байжээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол давхар иргэншилтэй этгээд Монголын УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдэг байж болохгүй юм.

Яг энэ дээр СЕХ хууль журмаа барьж хасч хаяад, шүүх нь ч Г.Амартүвшинд хариуцлага тооцож болно. Ачир дээрээ Г.Амартүвшин Монголын төрийг, Монголын ард түмнийг хуурч мэхэлсэн үйлдэл болно.

Хачирхалтай нь СЕХ таг чиг. Бүр юу ч болоогүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий сууна.

Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэж алдартай тууж байдаг. Зөгнөлт хэмээдэг боловч дэлхийн улс төр дэх ийм заваан байдлыг зүйрлэн үзүүлсэн том зохиол болсон. “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй” гэж “Амьтны ферм” илчилсэн. Агуулгаараа гахай илүү эрхтэй болохоор бусдынх нь тэгш эрхийн талаар ярихын хэрэггүй болж байгаа юм.

Яг л ийм байдал өнөөдөр УИХ-ын сонгуулийн эргэн тойронд болж байна. Зүйрлэх нээ, Н.Номтойбаяр бусдын адил эрхтэй, гэхдээ Г.Амартүвшин илүү эрхтэй гэсэнтэй агаар нэг юм.

Ингэж Монгол-Нидерландын иргэн Г.Амартүвшин СЕХ-ны хайртай “гахай” болж буй нь энэ сонгууль шударга явагдах эсэхэд эргэлзэх маш том шалтгаан болж байна.

Н.Номтойбаярт тохиолдож байгаа явдалд улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөхгүй л байна. Хараад л байна.

Гэвч өнөөдөр Н.Номтойбаярыг маргааш та бүхнийг ингэхэд ойрхон байгааг бодох л хэрэгтэй. Ийм нэг амиа бодсон ч гэж болох, бэртэгчин ч гэж хэлэхээр хүмүүс төрд гараад түмний төлөө ажиллах уу. Бас л эргэлзээтэй.

Дахиад хэлье. Нэгнийхээ эрхийг нийтээрээ хамгаалахгүй бол нийтээрээ эрхээ боолгож, нэг гахайд дүрэмдүүлэх цаг ирж мэднэ шүү.

Нөгөөтэйгүүр СЕХ ийм байж болохгүй ээ. Яагаад ч болохгүй. Та бүхэн аль нэг нам улс төрийн хүчинд ажиллаагүй. Нэг компанийн ажилтнууд ч биш. Тийм учраас та нар хуульд захирагдаж, хууль биелүүлэх үүрэгтэй. Өнөөдөр хэн нэгэн эрхтэн дархтанаас айгаад, ажилтайгаа үлдэхийн тулд бусдын эрх рүү, амьдрал руу нь нулимж л байна.

Харин маргааш даалгавар өгсөн дарга биш та нар л хууль зөрчсөнийхөө хариуцлагыг хүлээнэ. Түүх шүүнэ. Зовлонг нь та нар л эдэлнэ.

Тиймээс, СЕХ-ныхоон, нүдээ нээ, хуулиа барь, хүний эрхийг хүндэтгэ, харин харийн иргэншилтэй хүн төр рүү зүтгэж буй бол хатуу бай. Та нарын ажил ердөө л энэ!!!

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here