Эхлэл Архив “Та бидний эвсэл” дүүргүүдэд сонгуулийн нээлтээ хийв

“Та бидний эвсэл” дүүргүүдэд сонгуулийн нээлтээ хийв

 

Сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлээд хоёр хонож байна.  СЕХ-ноос үнэмлэхээ гардсан нэр дэвшигчид өчигдрөөс тойрогтоо ажиллаж эхэллээ.  Мөн  АТГ-аас энэ жил анх удаа нэр дэвшигчдийн  ХОМ-ийг цахимд байршуулж, танилцуулав.  Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Н.Энхбаяр: ҮЗГЭЭРЭЭ ХУВЬСГАЛ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох “Та бидний эвсэл”-ийнхэн өчигдөр хэд хэдэн тойрогт сонгуулийн нээлтээ хийлээ. Тухайлбал,  Сонгинохайрхан,  Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүрэгт  сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм.   “Та бидний эвсэл”-ээс  Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, Б.Тулга, М.Наранбаатар,  М.Тулга, Д.Бямбасүрэн нар өрсөлдөж байгаа юм. Харин Хан-Уул дүүрэгт Ц.Оюунбаатар, Б.Наминчимэд,  Т.Баярхүү нар нэр дэвшээд байна.  Баянзүрх дүүрэгт Б.Батболд, Р.Өсөхбаяр, Г.Золзаяа, С.Бямбасүрэн, Л.Өнөрбаяр нар өрсөлдөж байгаа юм.  Багануур дүүрэгт Э.Эрдэнэжамъяан, П.Цолмон нар нэр дэвшсэн. Сонгуулийн нээлтэд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон  ИЗНН, МУНН-ын удирдлагууд, дэмжигч, гишүүд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Юуны өмнө нэр дэвшигчиддээ халуун баяр хүргэе. Сонгууль зохион байгуулах журмыг СЕХ-ноос баталсан.  Бид болгоомжтой байх нь зөв. Гэхдээ “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчид сонгогчдоосоо зугтахгүй, уулзана.  Бусад намыг харахаар дахиад л оффшорчид,  ЖДҮ, концессчдээ дэвшүүлсэн байна.  Бид дахин бүхнээ алдах сонголтыг хиймээргүй байна.  Бид үзгээрээ хувьсгал хийж,  МАН, АН-ыг өнжөөх сонголт хийх ёстой.  Заавал жагсаал, цуглаан  хийж өөрчлөлт хийх биш үзгээрээ хувьсгал хийхийг уриалж байна.  Энэ хоёр намыг өнжөөхөөс айх хэрэггүй. 20 гаруй жил бидний амьдрал улам л дордлоо.  Хүний эрхийн асуудал гэдэг зүгээр нэг үг хэлэх асуудал биш юм.  Энэ бол эрүүл байх, ажил, орлоготой байх асуудал юм.   Үүнийг бодож сонголтоо хийгээрэй.  Манай эвсэл “Гурван баялаг” мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.  Үүний хамгийн чухал баялаг нь хүн юм шүү” гэсэн юм.

 

АЭХ-НООС СОНГУУЛЬД ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ УРИАЛГА ГАРГАВ

 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Цэвэр шударгаар өрсөлдье” уриалгыг санаачилжээ. Энэ талаараа өчигдөр  мэдээлэл хийлээ.

 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний зөвлөх Ж.Баярмаа:

-Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал, эрүүл мэнд, боловсролын хүртээмж,  гэр бүлийн хүчирхийлэл  тулгамдсан асуудал хэвээр байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж асуудлыг бодлогын түвшинд эмэгтэй хүний мяндсан ухаанаар шийдвэрлэхийг нийгэм зүй ёсоор шаардаж эхэллээ. Улмаар сонгуулийг ёс зүйтэй шударга зохион байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхлээд 24 цаг өнгөрч байгаа ч цаашид нэр дэвшигчид  бие биеэ харлуулах, гүтгэх хандлагатай байна. Эмэгтэйчүүд олноор сонгогдож байж  нийгмийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэ оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа нийт нэр дэвшигчийн 25 орчим хувийг эзэлж буй эмэгтэйчүүддээ хандан уриалга гаргаж байна” гэлээ.  Уриалгад, эмэгтэй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны явцад бие биеэ гүтгэн доромжлох, харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийхгүй байхыг бусдадаа үлгэрлэн харуулах, бусад нэр дэвшигчийн зүгээс эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг явуулах элдэв гүтгэлэг дайралтыг түгээж дэлгэрүүлэхгүй байх, иргэд сонгогчдын амьдралын боломжгүй байдлыг ашиглан санал худалдан авах, аливаа ажиллагааг эрс эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх,өөрсдийн сонгуулийн ажилтнууд болон сонгуулийн бүх шатанд ажиллах  төрийн албан хаагчдыг шударга хариуцлагатай хуулийн дагуу ажиллахыг дурджээ.

 

МАН  15 ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын багш нарын холбоо, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын шилдэг тамирчдын холбоо гэсэн 15 төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Д.Амарбаясгалан энэ үеэр “Эхлүүлсэн ажлуудаа дуусгахад   төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. Мөн ард иргэдийн хүсэн хүлээсэн шударга ёсыг тогтоохоор эхлүүлсэн тэмцлээ дуусгахын төлөө хүчээ нэгтгэж байна”  гэв.  МҮЭХ-ноос “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг салбар 14 үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн 22 холбоо, нийтдээ 3000 орчим үйлдвэрчний эвлэлийн байгууллага, 450 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүдээсээ санал аван боловсруулж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн  нам, эвслүүдэд хүргүүлжээ. Энэхүү нийгмийн захиалгад мөн МАН нэгдлээ.  Мөн энэ үеэр Монголын урлагийн ажилчдын холбооны ерөнхийлөгч, гавьяат жүжигчин Б.Тунгалаг “МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Соёлын яамтай болно гэсэн чухал заалт орсон.   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн 20 орчим жил соёл, урлагийн салбарт оруулж байгаагүй хөрөнгө оруулалтыг  хийсэн.  Их театрын барилга,  Чингис хааны музей, УДБЭТ,УДЭТ-ын барилгыг дэлхийн  хэмжээний жишигт хүргэж засварлах гэж байгаад талархаж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.САЙХАН

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here