Ууган нам болохоор ч юмуу Монгол Ардын Нам гэхээр хөгшин, Ардчилсан нам гэж ярихаар залуу санагдаад байдаг юм. Гэхдээ сүүлийн арваад жил ардчилагчид залуужсангүй, МАН-ынхан хөгширсөнгүй. УИХ-д нэр дэвшүүлж, албан тушаалд томилж буй хүнээ солихгүй бол хорвоогийн жамыг сөрөх аргагүй л дээ. Ахмад, залуу гэж ярихаар талцууллаа барилаа гэдэг. Хэрэгтэй, хийсэн юмтай цөөн хэдэн ахмад байж бололгүй яахав. Гэхдээ манайх шиг хөгжиж байгаа оронд залуус нь улсаа манлайлж, шийдвэр гаргах түвшинд дийлэнх олон байх учиртай юм. Тэмцэхэд цус нь шингэн, ажиллахад эрч хүч нь идэрхэн залуус нь улсаа чирэх хариуцлагатай үе шүү дээ.
Харин С.Эрдэнэ дарга нь “Баянголын ван” гэж авгайлагддаг АН-ынхныг залуустаа боломж олгох байх гэж сонгуулийн өмнө олон нийт хүлээж байлаа. Намынх нь залуус ч горьдож байсан. Гэхдээ яг нэр дэвшигчдээ илгээх дээрээ тулахад өнөө хэдэн өвгөчүүд нь мордсон доо. Санаж байгаагаар Да.Ганболд Хөвсгөлд тойрог авах гээд Х.Эрдэнэбаатар гэдэг залууг жийлгэсэн. З.Энхболд хаана нэр дэвших үү гэж удтал бодоод эцэст нь нэр дэвшүүлэлтийн өмнө Баянзүрхийг сонгож М.Тулгатыг “хана мөргүүлж” орхисон доо. Ийм жишээ өчнөөн. Дээр нь өнөө л явж байдаг хэд л хөдөлж байгаа харагдана лээ. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд, 2016 онд багаараа ялагдсан Д.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нар дахиад л Өмнөговьдоо нэр дэвшиж байгаа нь юуных вэ. Намаа ялагдуулсан хүмүүст ядаж тооцох хариуцлага гэж байдаггүй юм уу. Залуу эрч хүчтэй хүмүүс ардчилагчдын өлгий болсон аймгуудын нэг Өмнөговьд алга уу. Ийм болохоор л АН-ыг дэмжмээр байвч дэмжиж боломгүй байгаа юм.
Нэгэнт Өмнөговийн жишээ рүү орсных ярих юм байна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд цөөнгүй хоносных орон нутгийн хүмүүс нь ч багцаалдсан байлгүй. Улс орны эдийн засгийг бүрдүүлдэг уул уурхай ихтэй энэ аймгийг хэн төлөөлөхөөс цаашдаа их зүйл шалтгаална. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн Засаг дарга Н.Наранбаатар ажиллаж, аймгаа гурван жил дараалан шилдэг болгосон байна. Энэ бол дээрээс нэг дарга шийдээд өгчихдөг шагнал биш л дээ. Аймгаа боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, бүтээн байгуулалтын хувьд бэхжүүлж чадсаных нь илэрхийлэл. Тиймээс дээр дурдсан хоёр өгүүлбэрийн цаана асар их хөдөлмөр, зохион байгуулалт, эрч хүч явж байгаа гэсэн үг. Аймгийн дарга нарын унтаа, хол бөглүү газартаа “ноён” болох гэсэн буруу амбицаас хол явж чадсан хүн гэдгийг нь Өмнөговьд ч биш Улаанбаатарт ярьж байхыг сонсож л явлаа.
МАН-аас нэр дэвшсэн Х.Мандахбаярыг бас л улс даяараа танина. Өмнийн говийн чимэг Тост, Тосон бумбын нурууг хууль зөрчсөн, хуулийн дээр гарч чаддаг мөнгөний боолуудаас чөлөөлж чадсан хүн бол тэр. Хүний амьтай дүйж яригддаг эрх ашгийн эсрэг талд зогсож байсан хүн шүү дээ. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээ хаялгүй 21 аймгаар явж тэмцэл хийсэн. Гүтгүүлж, чичүүлж, зануулаад энэ хүртэл яваад ирсэн гэхээр “эрийн хуйх” байгаа биз. Зоригтой, эрч хүчтэй, асуудлын эцсийг нь хүртэл явж чаддаг зан чанарынх нь ч илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, боловсролтой, хийсэн зүйлтэй залуусаа МАН сойсон байна. Аймгийн МАН-ын хорооны даргын хувиар Н.Наранбаатар нь намынхаа мөрийн хөтөлбөрт олон асуудал тусгуулсан байна лээ. Х.Мандахбаяр нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч саналаа өгөөд мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн бүлэг оруулчихсан байх жишээний. Уул уурхайн лицензийг цэгцлэх, говийн гүний усыг уул уурхайд хэрэглэхээс сэргийлэх гээд олон юм дурдаж болно. Гол нь УИХ-д очлоо гэхэд гэрийн даалгавар нь бэлэн ийм хоёр залуу хүн явж байна.
АН-аас өнөө л “Ажнай” гэх Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг асан Б.Бадраа нараа явуулсан байна. 60 шахсан, 70 шүргэсэн настай хүмүүс шүү дээ. Өнгөлөөд зүлгээд эрч хүч гарах уу. Урд өмнө нь нутаг орондоо тийм их эрчтэй, зүтгэлтэй явсан бил үү гээд бодох юм их байна. Тэд туршлага, түшиг яриад байгаа. Үнэндээ, туршлага түшиг гэдэг зүйлд нь бодит юм алга. Баян л хүмүүс байх. Хөрөнгө зоорийнх нь талаар хүний ам ангаймаар л юм билээ. Гэтэл тэднийг төрүүлж, өргөсөн аймагт нь шударга ёс, бүтээн байгуулалт яагаад өнгөрсөн дөрвөн жилд хэлбэрээ олж эхэлж байгаа хэрэг вэ. Юу ч хийдэггүй гэх туршлагатай хүмүүсийг дахин дахин явуулж байгаагаараа АН хөгжлөөс хойш суухыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Өмнөговийн уул уурхайг хөгжүүлэх талаар урьд нь ярьдаг байсан. Одоо бол уул уурхайг хэрхэн зөв ашиглах, хойшид ямар чиг баримжаагаар хөгжүүлэх тухай ярих цаг нь. Үүнийг гүйцэтгэж, олон түмнийхээ талд шийдвэр гаргуулах чадалтай хүмүүс төрд хэрэгтэй. Түүнээс уурхайн эзэн, уурхайд зөвшөөрөл олгож, элдэв үйлдлийн дэргэдүүр нүдэн балай, найзан дундаа явсан улсууд Өмнөговьд хэрэггүй. Өөрчлөх шинэчлэх их замын эхэнд Өмнөговьчууд зогсож байгаа шүү. Тийм болохоор л Өмнөговьд залуус нь одоо юу юунаас илүү хэрэгтэй гээд байгаа юм.
Т.Болд