УИХ-ын 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг шүүх хурал өнөөдөр 14:00 цагт зарлагдсан.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая Н.Номтойбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангиас авч ирсэн. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших тогтоолоо гардан аваад байхад нь шүүхээс саатуулах шийдвэр гаргасан. Тодруулбал шүүхийн үйл явц Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн.
Тэгвэл өнөөдөр болох шүүх хурлаар Монголын эрх зүйт ёсонд гаргасан алдаагаа засах ёстой гэдгийг олон нийт харж, хүлээж байгаа юм.
Учир нь Монголын төр гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байхад нь хүчээр гэж хэлж болохуйцаар цагдан хорьсон. Энэ үйл явцыг олон улсад төдийгүй дотоодын ажиглагчид улстөрийн зорилготой гэж харж байгаа. Тийм ч учраас 14:00 цагт болох шүүх хуралд олон улсын ажиглагчид оролцох хүсэлтээ өгөөд байгаа юм.
Сүүлийн үед Монгол Улсад ардчилал хумигдаж байна гэж үзэх үйл явдлууд болж байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн 2019 онд ҮАБЗ, Монгол Улсын ерөнхий шүүгч болон прокурорыг хүссэн үедээ ажлаас нь чөлөөлж, томилдог болсон. Энэ нь эргээд улстөрийн өрсөлдөгчөө намнах боломжийг бий болгожээ. Үүний анхных нь хэлмэгдэгч Н.Номтойбаяр болж байна. Н.Номтойбаяр нарт холбогдох хэрэг гэрлийн хурдаар явагдаж, шүүх хурлыг нь сонгуулийн санал хураалтын өдрөөс ердөө хоёр хоногийн дараа буюу 26-нд зарласан. Тэр болтол түр саатуулсан зэргээс харвал улстөрийн зорилготой гэж үзэхээс аргагүй.
Н.Номтойбаярыг хууль зөрчиж саатуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, өдгөө түүнийг дэмжигчид, шүүхийн хуулийн бус шийдвэрийг эсэргүүцэгчид Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна түүнийг суллахыг шаардан, шударга ёсыг нэхэж байна.
Мөн Улсын дээд шүүхийн гадна нэр бүхий 10 гаруй хууль 10:40 цагт Н.Номтойбаярыг үндэслэлгүйгээр хорьсон болохыг тайлбарлан олон нийтэд мэдээлэл өгөхөөр болоод байна.
Н.Номтойбаярыг саатуулсан явдал нь УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэх, хууль шүүхийн байгууллага үнэний төлөө ажилладаг эсэх, Монгол Улсад ардчилал байгаа эсэх гээд олон асуудлыг ил болгох үйл явц болно гэдгийг гадаадын ажиглагчид ч хүлээж байгаа юм.
https://www.facebook.com/101181904654407/videos/296388871758089/