УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь 2020 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж, СЕХ-ноос батламжлаад байгаа юм. Гэсэн ч шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргасан байдаг. Ардчиллын зүтгэлтэн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорьсон талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Би Н.Номтойбаярыг яг сайн танихгүй мэнд устай л явдаг улс.
“Цензургүй яриа”-нд оролцсоныг нь харсан л даа. Овоо ном судар уншдаг залуу шиг санагдсан. Манайх шиг 30 гэр бүл гэж гарал үүсэл, нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхдаг улс байна уу. Ийм ялгаварласан үзэл цаашид явахын бол хүмүүс босно. Зүгээр унтаж буй хүмүүсийг босгож буруу зүйл рүү турхирч байгаа бол үүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Хэлмэгдээд, муугаар хэлүүлээд явж байгаа энэ гучин гэр бүл Монгол Улсын эдийн засгийг авч явж байгаа гэж би үздэг.
Коронавирусын энэ үед манай эдийн засаг элгээрээ хэвтчихгүй байгаа нь өнөөх хэл амны бай болдог үнэ цэнэтэй бизнесменүүдийн өөрсдийн хүчээр байгуулсан компаниараа ажлын байруудыг бий болгоод, хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээд, татвараа тушаагаад явж байгаа хүмүүсийн ачаар л төр засаг маань явж байгаа юм. “Оюутолгой”, “МАК” компаниудын өгсөн татварын мөнгөн дээр л тулгуурлаж байна. Эдгээр эрхмүүдээ харааж зүхээд байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Иргэд маань аливаа үйл хэрэгт саруул ухаантай, эрүүл сэтгэлгээтэй хандахгүй байна. Тиймээс гэм зэмгүй байж хоригдсон Н.Номтойбаяр нарыг даруйхан суллах ёстой. Инээж байгаад хүмүүсийг дарамталдгаа больцгоо. 1980,1990-ээд оны үед ардчиллыг авчирсан хүний хувьд хатуу хэлж байна” гэжээ.