УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар шинээр байгуулагдах Засгийн газарт сайд болох гэж байна. Анхнаасаа ийм тохироотой УИХ-д нэр дэвшилгүй үлдсэн гэх яриа явж буй.
Гэвч тэд нэр дэвшсэн ч ард түмэн сонгох байсан уу гэдэг асуудалтай. Учир нь ЖДҮ-гийн асуудалд олон нийт маш их дургүйцдэг.
Ялангуяа өөрийнхөө улайм цайм хамаарал бүхий этгээдэд хүүгүй шахам зээлийг авчихсан Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарт ихээхэн дургүйцэж, шүүмжилдэг.
Тиймээс У.Хүрэлсүх дахиад Ерөнхий сайд болж Засгийн газраа байгуулахдаа эдгээр ЖДҮ-чдийг сайд болговол ёстой мордохын хазгай болно.
У.Хүрэлсүхээс ард түмэн ихийг хийлгэхийг хүсч хамгийн өндөр хувийн санал өгч сонгосон. Хүлээлт нэгэнт үүссэн.
Гэтэл ЖДҮ-чдээ сайд болгоод эхэлбэл ирэх дөрвөн жилд түүнээс юу ч хүлээгээд хэрэгггүй гэсэн эргэлзээ олон нийтэд бий болж таарна.
Тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын анхдугаар чуулганыг нээж хэлэхдээ “Өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн нь санаандгүй үг биш юм.
Эх сурвалж: news1.mn