Украины Луцк хотноо 12 цагийн турш зорчигчидтой автобус барьцаалсан террорист бууж өгсөн тухай “112 Украина” телевиз мэдээлжээ.
Тусгай албаныхан автобусыг довтолж Максим Кривош гэгчийг баривчлан бүх зорчигчийг чөлөөлсөн байна. Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгдэхдээ, “Чөлөөлөгдсөн хүмүүс аюулгүй байдалд эсэн мэнд байна. Автобус барьцаалсан этгээд сэтгэцийн доголдолтой хүн болох нь тогтоогдсон” гэжээ.
Хоёр удаа ял эдэлж байсан Максим Кривош зорчигчидтой автобус барьцаалсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс интернет дэх нийтийн сүлжээний хувийн хуудсандаа “2005 оны “Дэлхийнхэн” киног бүгд үз” гэж бичихийг шаарджээ. Володимир Зеленский түүний шаардлагыг биелүүлсний дараа бууж өгсөн гэнэ.
Эх сурвалж: news1.mn