ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс дэлхийд анхны коронавирусын эсрэг вакцин бүтээн сайн дурын вакцинжуулалт эхлүүлж буйг зарласан билээ.
Тэгвэл Лондоны их сургууль дахь генетик судлалын институтын швейцар профессор Франсуа Баллу ОХУ коронавирусын эсрэг вакцин бүтээх үйл явцад туйлын хариуцлагагүй хандсан хэмээн Францын “Libération” сонинд ярилцлага өгөхдөө эрс шүүмжилжээ.
Тэрээр, “Зах зээлд бусдаас түрүүлэн вакцин гаргахыг эрмэлзсэн Оросын хэт түргэдсэн алхмыг тэнэгээс гадна аюултай үзэгдэл гэж үзэж байна. Вакциныг клиникийн гуравдахь шатны туршилтын дүн гарахаас өмнө эмчилгээнд хэрэглэхээр шийдвэрлэсэн нь вакцин үр дүнтэй эсэх, ёс суртахуунд нийцэх эсэх, ховор боловч маш аюултай байж болох сөрөг дайвар нөлөөлөл буй эсэхийг эцэслэн тогтоогоогүй нь туйлын ноцтой.
Урьд өмнө ийм зүйл тохиолдож байсныг сануулья. 1976 онд АНУ-ын Засгийн газар тус улсын Форт Дикст гахайн ханиадны улмаас нэг албан хаагч нас барсны дараа тус халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг яаралтай эхлүүлсэн билээ. Үүний улмаас олон хүнд Гийен-Баррегийн гэх мэдрэлийн системийг гэмтээдэг синдром ажиглагдаж дэлхий даяар вакцинжуулалтаас болгоомжлох хандлага газар авсан юм” гэжээ.
Б.Төгсөө