Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Минск дахь өргөөг жагсагчид бүчсэн тухай “ВВС” агентлаг уламжилж байна.
Ерөнхийлөгчийн өргөөг Беларусийн тусгай албаныхан болон дотоодын цэргийн анги нэгтгэлүүд хамгаалж байгаа аж. Түүнчлэн өргөө рүү хуягт тэрэг, цэргийн ачааны машинуудыг яаралтай татсан байна. Ерөнхийлөгчийн өргөө рүү чиглэдэг Ялагчдын өргөн чөлөөг тусгай техникээр хаажээ. Үүнээс өмнөхөн Александр Лукашенко өргөө дотроо автомат барьж зогсох зураг интернетээр тархаж Беларусийн иргэдийн бухимдлыг улам бүр дэврээсэн аж.
Беларусьт эсэргүүцлийн жагсаал цуглаан гурван долоо хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд сөрөг хүчин одоогийн эрх баригчдыг огцрохыг, сонгуулийн дараах өдрүүдэд хүчний байгууллагынхны жагсагчдын эсрэг явуулсан харгис үйл ажиллагааг мөрдөн шалгахыг шаардаж байгаа юм.
Тус улсад сүүлийн өдрүүдэд жагсагчдыг, гадаад, дотоодын сэтгүүлчдийг баривчлах ажиллагаа дахин эхэлжээ.
Эх сурвалж: news1.mn