Эхлэл Нийслэл Аж ахуйн нэгжийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ

Аж ахуйн нэгжийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж,  Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа. Тэрбээр  “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлжээ.  Эдгээр сургууль, цэцэрлэг  дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг бол буурсан байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар боломжтой” хэмээлээ.

Уг төслийг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж, цаашид үйл ажиллагааг  хариуцан ажиллах юм. Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдэх бөгөөд энэ онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлэх аж. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтаж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл,  5-6 хувийг дулааны станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо эзэлж байсан юм.  Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор 2019-2020 оны өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан.  Энэ жил нам даралтын зуухуудыг халж, дэвшилтэт техник, технолги ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана. Уг ажлыг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлээ дэмжинэ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх давуу талтай” гэдгийг онцоллоо. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлаар санал солилцоод, тогтоолын төсөл батлагдлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here