Хуульч С.Батхүлэг хэдхэн хоногийн өмнө “Голомт”-ын хуульч гэгдсээр Дээд шүүхийн шүүгчийн сунгаанаас хасагдсан.
Тэгвэл С.Батхүлэгтэй нэгэн “малгай” дор ажиллаж, “Голомт”-ын хуулийн асуудлыг олон жил хариуцаж ирсэн, сүүлд жил гаруйн өмнө “Голомт”-ын Д.Баясгаланг баривчлагдаж хоригдоход өмгөөлөгчөөр нь гүйж явсан хуульч Б.Баяраа нэгэн “нийтлэл” бичсэнээ өчигдөр /2020.11.9/ цахим сүлжээнд тавьжээ.
“Коммунист СССР-ийн хэлмэгдүүлэлт “АРДЧИЛСАН” Монголд амиллаа” гэсэн гарчигтай нийтлэлдээ “Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр байсан Цаазын ялгүй Монгол Улс гэсэн бичгийг хуу татан авч, албан тушаалын гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэх тухай санал гарч, эрх баригчдын хүслийг гүйцээхийн тулд барьцаанд орсон УДШ-ийн ерөнхий шүүгчид хүссэн бүрэлдэхүүнээ томилж хэрэг шийдвэрлэх эрх олгох хуулийн төслүүд ч өргөн баригдаж эхэллээ. Улсын дээд шүүхийн 24 шүүгчийн олонхийн дэмжлэг авсан ерөнхий шүүгч өөрийнх нь үгнээс гардаггүй, дуулгавартай 5 шүүгчийг үзэмжээрээ сонгон авч хэргийг шийдвэрлэж болох “супер ерөнхий шүүгч”-ийн хуулийг хүртэл парламентад санал болгож үзэв. Үүний хажуугаар хэрэв цаазаар авах ялыг албан тушаалын гэмт хэрэгт хэрэглэхээр болж сэргээсэн бол хичнээн улс төрийн хоригдлууд нэн гомдолтойгоор нэхэн шийтгэгдэх байсныг төсөөлөхөд ч аймшигтай. Монгол Улс дахь парламентат ёсны төлөвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний дархлаа ямархуу сул байгааг шүүхийн хараат бус байдалд халдсан болон эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн 2 хууль бэлээхэн гэрчилнэ.
…Шүүх эрх баригчдаас “хууль ёсоор” хараат байгаа байдал, улс төрийн хоригдлуудыг нэхэн шийтгэж байгаа байдал, хамгийг гол нь үүнийг нь хууль тогтоох байгууллага хүлээн зөвшөөрч хууль ёсны болгож байгаа нь ардчилал нэгэнт үгүй болж, дарангуйлал аажмаар тогтож байгаагийн илрэл болж байна.
..Парламентыг Үндсэн хуулийн хүрээнд хянах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц ч “үл үзэгдэх гар”-ын нөлөөгөөр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн, шүүхийн хараат бус байдалд халдсан хуулиудыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй хойрогшиж өнөөг хүртэл гацаасаар байна.
… Хэрэв Үндсэн хууль зөрчсөн хууль баталсанаа УИХ хүлээн зөвшөөрч байвал харин ч бүр цаг алдалгүй шийдвэрээ гаргах шаардлагатай баймаар.
…Магадгүй Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хуулиудаа улс төрийн өрсөлдөгчдөө намнаж дууссаны дараа, “уучлаарай муу хууль байсан байна” гэж УИХ өөрөө засах уу, эсхүл шүүхийн эцсийн шийдвэр гарч дууссаны дараа сая Цэц сэхээ орж хэлэлцэх үү? Цэцийн шийдвэр гарсанаараа хүчин төгөлдөр болдог нь одоогийн эрх баригчдад өөрсдийг нь эргэж хэрэгт ороогдохгүй байх талаасаа яалт ч үгүй ашигтай” гэжээ.
Эх сурвалж: aguulga.mn