“Дархан арьс ширний цогцолбор”-ын ажил 20 гаруй хувьтай байна
“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ. “Дархан арьс ширний цогцолбор” байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна. Цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлжээ. Төслийг 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана
Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Цаашид:
– Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны дээд хязгаарыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах
– Сургалтын цахим технологийг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулж сургалтад нэвтрүүлэх
– Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах
– Багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоог жил бүр тогтоож мөрдөх
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох
– 2021-2023 онд бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж болохоор тоноглох зэргийг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.