Хүний насаар бол 30 нас ид хийж бүтээх, амьдрал бол өсч өндийх үе билээ. Харин АН-ын хувьд уруудан доройтож хамаг үнэт зүйлээ алдах үе дээрээ явж байна.
Сүүлийн хэдэн сар АН-ын жинхэнэ дарга хэн болох, түүнийг батлах тамга тэмдэг нь хэний халаасанд байгаа болох нь үл мэдэгдэх маргаан будлиан өрнөлөө. Тэгвэл АН-ын тамга, тэмдэг тус намын дарга асан С.Эрдэнийн мэдэлд байгааг холбогдох байгууллага тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Ц.Тувааны мэдэлд буй тамга тэмдэг хүчингүй гэж үзсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай дүгнэлтэд:
АН-ын дарга С.Эрдэнээс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/325-3 дугаар албан бичгээр “…С.Эрдэнэ миний бие нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн 01 тогтоолоор АН-ын хууль ёсны эрх бүхий даргаар томилогдсон. Улсын дээд шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар томилсныг 8488916 тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлд хуульд нийцүүлэн бүртгэж тэмдэглэсэн. Ц.Туваан АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг эргүүлэн өгөх шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа ардчилсан Үндсэн дүрэм болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.3.3 дахь хэсгийг баримтлан өргөдөл гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.1, 12.2.3, 19.4.7 дахь хэсгийг баримтлан С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул Ц.Тувааны ашиглаж буй АН-ын тамгыг хүчингүй болгож АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийн дагуу холбогдох бүртгэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд тамга тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг АН-д 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр олгосон бүртгэлтэй байх бөгөөд Улсын дээд шүүхээс 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлийн дугаар 8082001002, регистрийн дугаар 8488916, Содномзундуй овогтой Эрдэнийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н.Мөнхтулга бүртгэсэн бичилттэй байна.
- С.Эрдэнийн хүсэлтэд АН-ын Үндэсний дүрмийн хорооны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хавсаргаж ирүүлсэн уг тогтоолд АН-ын дарга нь Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.101.4-р заалтын дагуу сонгогдож 5 дугаар бүлгийн 5.12.4.8-д заасны дагуу батламлагдах шинэ дарга эрх үүргээ шилжүүлнэ гэж заасан байх ба тогтоолд нэр бүхий 11 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан байна….
Түүнчлэн…..С.Эрдэнийн хүсэлт, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн тус намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.
Ямартаа ч олон мянган гишүүдээ талцуулан нийгэмд маргаан үүсгээд байгаа АН-ын хоёр лидерийн маргаан таслагдаж байгаа бололтой.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА