Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа өгөхөө мэдэгдэж, танхимаараа огцорч байх үед олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Цар тахал дотоодод алдагдаж нөхцөл байдал улам хүндэрсэн, эдийн засаг хямарсан үед Төрийн тэргүүн ажлаа өгснийг зөв хувилбар гэж хүлээж аваагүй. Нөгөө талаар У.Хүрэлсүх өмнө Ерөнхий сайд нараас шийдэмгий, зоригтой дөнгүүр ажиллаж байсан нь ийнхүү бухимдахад хүргэсэн.
Ингэснээр дараагийн Ерөнхий сайд хэн болохоос үл хамаарч, У.Хүрэлсүхийг гүйцэх эсэхэд эргэлзэж байлаа.
Харин өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ард олонд танилцуулсан Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө өөдрөг сэтгэгдэл төрүүлж байна.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах, эдийн засгаа яаж босгох асуудал энэ тэргүүний зорилт. Тиймээс Шинэ Засгийн газрын ажлын төлөвлөгөөнөөс онцолж ишлэе.
- Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана гэлээ.
- Шулуухан хэлэхэд нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Бид цаг алдаж болохгүй. Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай.
- Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Урагшлан хөгжсөн, уруудан доройтсон аль ч улс орны шалтгаан шинжлэх ухааны салбарын хөгжлийн түвшинтэй шууд холбогддог. Эдийн засгийн хөгжил, түүнийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн суурь ч шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн салбараас ихээхэн хамаарна.
- Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний баялгын сан байгуулна. Үндэсний баялгын сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Баялгын сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно.
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.
- Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой.
- Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ. Цаашид Монгол Улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавина. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.
- Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно.
- Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм.
- Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна. Энэ бол орон тоо нэмж буй зүйл биш, харин төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, төрийн данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл юм. Цахим гарын үсгийг нэвтрүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хангана. Төрийн хүнд суртал багасч, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ гэжээ.
Үүнээс гадна Засгийн газарт томилогдсон сайд нар ч мөн олон нийтэд итгэл төрүүлэхүйц томилгоо болсон гэдгийг дашрамд дурдъя.
Эх сурвалж: aguulga.mn