Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /04.20/хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:- Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долдугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан гэлээ.
Ийнхүү санад хураахад байнгын хорооны гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзэв. Улмаар уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэнэ шийдэх юм.
Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр