Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад АН хоёр талд тамга тэмдгээ булаалдаж, бүр хоёр талд дарга тодруулж “оодорсоор” байсан. Эцэст нь тэд өлсгөлөн зарлаж олны бухимдлыг төрүүлж, сонгуульд хүч сулхан оролцохоор болж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийн АН-аас С.Эрдэнийг, Ц.Тувааны талаас Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэн баримт бичгээ өчигдөр СЕХ-нд хүргүүлсэн. СЕХ хуулийнхээ хүрээнд нэг намаас нэг л хүний бичиг баримтыг хүлээж авахаа мэдэгдэв. Зөв.
Харин үүнийг эсэргүүцсэн Ц.Тувааны хэсэг Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Төв талбайд өлсгөлөн зарлаж хонов. Цар тахлын хүнд үед хууль зөрчин эрх мэдлийн төлөө өлсгөлөн зарласанд олон нийт ихээхэн бухимдалтай хандаж байна. Тэр тусмаа парламентын танхимд амьдралтай зүйл ярьдаг, Ерөнхий сайд байхдаа багагүй ажил амжуулсан хэмээн ам сайтай байдаг Н.Алтанхуяг дүүжлэх тухай ярьж, өлсгөлөнг эхлүүлсэнд олон нийт бүр эгдүүцэж байна.
Ямартаа ч СЕХ С.Эрдэнийг бүртгэхээр болж байна. С.Эрдэнийн хувьд өнгөрсөн сонгуульд намаа ялагдуулсан, хариуцлагагүй хандсан гэдгээр олон нийт тийм ч таатай бус. Харин Н.Алтанхуягийн хувьд багагүй дэмжлэг авах улстөрчөөр нэрлэгдэж байв. Гэвч тэдний улс төрийн маргаан, амбиц эцэст нь энэ сонгуульд дахин ялагдах магадлалыг улам өндөр болголоо.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА