Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож байна. Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн сурагтай. Түүхэн тэгш ой тохиож буй учраас энэ удаа Үндэсний их баяр наадмыг гурвуулаа хамтарч найруулж магадгүй гэсэн яриа ч сонсогдож байна.
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан.
“Херо” Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн билээ.
Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр