Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх, тамгаа гардаж авах ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нэг бус алдаа гаргасан нь олон нийтийн анхаарлыг татав.
Тодруулбал,
Х.Баттулга, У.Хүрэлсүх нар ёслолын танхимд орж ирсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн тамгыг гүн хүндэтгэлтэйгээр гардуулна” хэмээн зарласан билээ. Танхим даяар чимээгүй болж, ёслолыг хүлээв. Гэтэл ёслол зохион байгуулагч залуу Г.Занданшатарын дэргэд гүйх шахам очиж, чихэнд нь ямар нэг зүйл “шивнэв”. Тэр даруйд Г.Занданшатар үл мэдэг хоолой засаж, “Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөнө” хэмээн залруулав зарлав. Зүй нь У.Хүрэлсүх эхлээд Үндсэн хуулийн эх хувь дээр гараа тавьж, Ерөнхийлөгчийн тангараг өргөөд дараа нь Х.Баттулга У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн тамгыг хүлээлгэн өгөх дараалалтай юм.
Түүнчлэн У.Хүрэлсүх Х.Баттулгаас Ерөнхийлөгчийн тамгаа гардаж аваад суудалдаа суусны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард түмэнд хандаж үг хэлнэ үү” хэмээн зарласан. Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх суудлаасаа босоод зогсох мөчид өнөөх ёслол зохион байгуулагч залуу мөн л УИХ-ын дарга Г.Занданшатарын өмнө гүйх шахам очиж, нэг зүйл “шивнэв”. Тэр даруйд Г.Занданшатар “Шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд зориулж, ард түмнийг төлөөлөн БНМАУ болон ЗХУ-ын Баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа үг хэлнэ” хэмээн дахин залруулга хийлээ. Үг хэлэхээр сандлаасаа босоод зогсчихсон байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буцаад сууснаар тангараг өргөх ёслол үргэлжилжээ.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА