Зургаа дахь өнөөдөр /2021.6.25/ Ерөнхийлөгч тангараг өргөв. Түүнд зориулж хууль ёсоор УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа.
Хуралдаан даргалсан Г.Занданшатар энэ ёслол хүндэтгэлийн арга хэмжээг ёстой л холион бантан болголоо.
Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр иргэд, сонгогчдыг төлөөлж үг хэлсэн Улсын баатар Ж.Гүррагчааг “зарлах” байсан ч шинэ Ерөнхийлөгчийг “Үг хэл” гэж дуудаад босгочихсон. Шинэ Ерөнхийлөгч хэсэг босч зогсоод эргээд суусан юм.
Бас шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөхөөс өмнө Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгыг тамгаа шилжүүлэн өгөхийг хүсч Хүндэтгэлийн чуулганы протокол зөрчив.
УИХ-ын дарга Г.Занданшатар бас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг индэрт гарч үг хэлэхийг урих үеэрээ “Халтмаагийн Хүрэлсүх та үг хэлнэ үү” гэчихэв.
Ер нь бол махан хэл, майжгий гутал хоёр хальтардаг. Тэр утгаараа УИХ-ын дарга хүн л юм чинь энэ уймралт байж болох юм.
Харин төрийн гурван өндөрлөгийн нэг УИХ-ын даргын хэлэх үг, хийх үйлдлийг зохион байгуулах үүрэг нь УИХ-ын Тамгын газрынх юм.
Тэгэхээр Г.Занданшатарын уймралт бол Тамгын газрынх нь алдаа гэсэн үг.