Эхлэл нийгэм Б.Баатар: Марзан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр”-өөс сэдэвлэн бүтээлээ хийсэн

Б.Баатар: Марзан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр”-өөс сэдэвлэн бүтээлээ хийсэн

“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар Үндэсний их баяр наадмын өдөр үзэгчдэд хүрсэн “Би Монгол хүн” теле концерттой холбоотой өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр өнгөрсөн жил болон энэ жилийн баяр наадмын нээлт болон концертод үнэ төлбөргүй ажилласан бөгөөд “Хэро энтертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад Баатар миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье” хэмээсэн байна.

Өмнөх жилүүдэд 2 сарын хугацаанд бэлддэг хэмжээний ажлыг энэ жилийн уран бүтээлчдийн баг нийт 19 хоногт хийж гүйцэтгэсэн

Мөн цаг үеийн нөхцөл байдлаас болоод гэнэтийн шийдвэрүүдэд зохицон ажиллаж, хүнд цагт маш богино хугацаанд буюу өмнөх жилүүдэд 2 сарын хугацаанд бэлддэг хэмжээний ажлыг энэ жилийн уран бүтээлчдийн баг нийт 19 хоногт хийж гүйцэтгэсэн. Өдөрт 18 цаг ажиллаж, 6 цаг амарсан гэж тооцвол 324 цаг ажилласан гэдгээ ч дурдсан байна.

Тэрбээр “Концертын ерөнхий тавилт нь алдарт зураач Марзан хэмээх Балдуугийн Шарав гуайн “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт зургийн концепц. Тэр утгаараа нүүдэлчдийн өдөр тутмын бүхий л амьдралын хэв маягийг тусгахыг хичээсэн болно.

Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсөж хүмүүжсэн, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг буриад зоны төлөөлөл эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг” гэжээ.

Теле концертыг маш богино хугацаанд хийсний зэрэгцээ хувцас хэрэглэлийн төсөв байхгүй байсан учир дүрслэл, хувцас, давтагдахаас аргагүйд хүрсэн

Мөн “Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэгдэл, үндэстний сэтгэлгээ, өв соёл, үнэт зүйлсийн илэрхийлэл. Энэ цаг үед Монголчууд бид, ялангуяа уран бүтээлчид бид үндэстний дархлаагаа хамгаалах их сорилтын цаг үетэй нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, бидний уран бүтээл энэ зорилгод чиглэх ёстой гэж боддог.

Монголын нууц товчоонд өгүүлснээр Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хорхунуг Жубурын хөндийд хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл дэвслэн бүжиглэв хэмээн өгүүлсэн байдаг нь яавч гансарсан гиюүрсэн сажилсан аялгуу байхгүй, харин ч морин дэл дээр салхи дарцаглан хурдалдаг Монголчууд эрч хүч, цоглог, хурдан хэмнэлд цэнгэн нааддаг байсан нь тодорхой биз! Хуурын татлага, Уртын дууны шуранхай! Товшуурын аялгуу, Зурхайгаас гарах морьдын төвөргөөн мэт монгол бүжгийн хэмнэлд Монголчууд “Сэрсэн тал” мэт гүн нойрноос сэрж, шинэ цаг үед хөгжил дэвшлийн амин хүч нь болоосой гэдэг санааг миний бие өнгөрсөн жилийн наадмын нээлт болон энэ жилийн концертод шингээхийг хичээсэн” гэдгээ ч онцолсон байна.

Теле концертыг маш богино хугацаанд хийсний зэрэгцээ хувцас хэрэглэлийн төсөв байхгүй байсан учир дүрслэл, хувцас, давтагдахаас аргагүйд хүрсэн хийгээд энэ жил батлагдсан төсөв нь нийт уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл ба бусад зардалд зарцуулагдсан. Концертод оролцсон уран бүтээлч 800, тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон гэсэн мэдээллийг теле концертын найруулагч өгчээ.

Мөн концертын зарим хэсгүүдийг засварлан, дахин үзэгчдийн хүртээл болгоно гэдгээ ч дурдсан байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here