Эхлэл Хууль Ж.Гантөгс: Р.Эрдэнэбүрэн “Байр авах захиалга өгөх гэсэн юм. Чи очоод гэрээ хийгээд...

Ж.Гантөгс: Р.Эрдэнэбүрэн “Байр авах захиалга өгөх гэсэн юм. Чи очоод гэрээ хийгээд өгөөч” гэсэн

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн холбогдох энэхүү хэргийг эргэн сануулахад өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 13-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалсан уг шүүх хурлаас түүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан.

Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг 2016 оны дөрөвдүгээр сард сүр дуулиантай баривчилж, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн билээ. Мөн түүнчлэн Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөлтэй холбогдуулж шалгаж байгаагаа хууль хяналтын байгууллагууд тухайн үед мэдэгдэж байв.

Шалгалтын явцад Р.Эрдэнэбүрэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэл нь ил болсон гэдгийг хэвлэлүүд мэдээлж байлаа. Тиймээс нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болоод удалгүй Р.Эрдэнэбүрэн “Номин констракшн” компаниас 380 сая төгрөгөөр орон сууц, гараашийн хамт худалдан авсан аж. Үүнийг ямар мөнгөөр худалдаж авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байсан учраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүний эхнэр Г.Батчимэг нь “Алт мөнгө, үнэт эдлэл борлуулсан, Р.Эрдэнэбүрэнгийн дүүгийн орон сууцыг худалдсан, бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс зээлсэн мөнгө” гэх мэтээр зөрүүтэй тайлбарлаж байж. Өөрөөр хэлбэл өмнө нь ярьснаа үгүйсгэж өөр өөр тайлбар өгч байсан аж. Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэгийн мэдүүлсэн “Алт мөнгө, үнэт эдлэл борлуулсны орлого” гэдгээ нотлох баримт болгон гаргаж өгсөн дэлгүүрийн гүйлгээний хар дэвтрийг нь ШШҮХ-гийн эдийн засгийн шинжээчдээр шинжлүүлжээ.

Дэвтэрт нь 24 сая төгрөгийн гүйлгээ бичигдсэн байсан гэнэ. Уг дэвтэр дэх орлогын хэмжээ “Номин констракшн”-аас 380 саяар авсан байрных нь төлбөрийг нотолж чадаагүй аж. Энэ хооронд хэрэгт холбогдогчид нөгөө хар дэвтэртээ аудитын хувийн компаниар дүгнэлт гаргуулж. Гэтэл аудит хийсэн компанийн захирал нь Р.Эрдэнэбүрэнгийн дунд сургуулийн найз нь байсан ажээ. Аудитын компанийн захирал ч найзынхаа гуйлтаар дүгнэлт гаргасан гэдгээ хүлээсэн байна. Энэ тухай мэдүүлэг нь хавтаст хэрэгт баримт нотолгоо болон оржээ. Харин алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрийн гүйлгээний хар дэвтрийг Г.Батчимэгт буцаан олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд хавтаст хэрэгт аваагүй байна.

Р.Эрдэнэбүрэнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан найз Ж.Гантөгс анх 2016 оны гуравдугаар сарын 31-нд АТГ-ын мөрдөгчдөд мэдүүлэг өгөхдөө Р.Эрдэнэбүрэн “Байр авах захиалга өгөх гэсэн юм. Чи очоод гэрээ хийгээд өгөөч” гэсэн. Тэгээд би гэрээг нь хийж өгсөн. Энэ байр минийх биш, Эрдэнэбүрэнгийнх. Р.Эрдэнэбүрэн намайг “Номин констракшн” компанийн ажилтан Бархастай уулзаад гэрээ байгуулчих” гэсэн юм. Р.Эрдэнэбүрэн бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, бие биедээ мөнгө зээлсэн тохиолдол байхгүй. Р.Эрдэнэбүрэн надад энэ байр авч байгаагаа “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулсан” гэж ярьсан. Р.Эрдэнэбүрэн болон эхнэр Г.Батчимэг нартай хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Байрны төлбөрийг хэрхэн төлсөн талаар мэдэхгүй” хэмээжээ.

Үүнээс сар гаруйн дараа Ж.Баттөгс мэдүүлгээ өөрчилж “Р.Эрдэнэбүрэн над руу утасдаад “Байрны урьдчилгаа нэхээд болохгүй байна. 100 сая төгрөг “Номин констракшн” компанийн дансанд тушаагаад өгөөч гэсэн. Би мөнгө шилжүүлсэн баримтыг нь хадгалж байгаад эхнэр Г.Батчимэгт өгсөн санагдаж байна. Энэ мөнгөө Р.Эрдэнэбүрэнгээс авч чадаагүй байгаа. 2013 оны есдүгээр сард Г.Батчимэг надаас 180 сая, аравдугаар сард нь 100 сая төгрөг гээд нийт 380 саяыг авсан. Одоо болтол төлөөгүй байгаа” гэж мэдүүлжээ.

Анхан шатны шүүх хурлын үеэр хавтаст хэрэгт аваагүй нотлох баримт буюу 24 сая төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ тэмдэглэсэн хар дэвтрийг өмгөөлөгч нар нь “зайлшгүй судлуулах шаардлагатай шинэ нотлох баримт” хэмээн гаргаж өгснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Эцэст нь уг хар дэвтэр нь 380 сая төгрөгийг шударгаар хөдөлмөрлөж олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж шүүгч үзэх үндэслэл болсон байна. Ингээд Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгах тогтоол гаргажээ.

Эх сурвалж: Aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here