Одоогоор нэг тэрбум төгрөгийн зээлд 420 сая төгрөгийн батлан даалт гаргаж байна. Түүнчлэн тухайн зээлээс шалтгаалж 30-60 хувьд нь батлан даалт гаргадаг байна. Батлан даалтын хэмжээ бага байна гэсэн саналыг зээлдэгч хэлдэг учраас ирэх жил хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлд батлан даалт гаргахаар болсон гэж тус сангийн захирал Ш.Алтанчимэг хэлэв.
Энэ онд 220 орчим зээлдэгч, аж ахуйн нэгжид 70 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүний 34 хувьд нь Зээлийн батлан даалт гаргаж даасан аж. Харин Сангийн яам энэ төрлийн зээлд зарцуулахаар ирэх оны төсөвт 111 тэрбум төгрөг төсөвлөж нэн түрүүнд тоног төхөөрөмжөө шинэчлэх үйлдвэрлэлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ “Ирэх онд тодорхой хэмжээний төсөв баталсан ч энэ хязгаарт л зээл олгох болсон гэсэн үг. Гэсэн хэдий ч цар тахлын үеийн хамгийн үр дүнтэй хөтөлбөр.Тиймээс энэ нөөц боломжоо үр дүнтэй зарцуулах, зээлийг нь эзэнд нь олгоход зорьж ажиллана” хэмээн 2020 оны төсөв батлах үеэр хэлж байсан юм.
Цар тахлын энэ хүнд цаг үед энэ зээл хэрэгжсэнээр 106 мянган хүний ажлын байрыг хадгалсан гэж Сангийн яам мэдээлсэн. Манай улс ажлын байрыг дэмжих зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах болсон. Тэгвэл дэлхийн бусад орон 80 хүртэлх хувьд нь батлан даадаг байна. Харин манай Зээлийн батлан даалтын сан өөрийн хөрөнгөнөөсөө 20 дахин их дүнтэй батлан даалт гаргах эрхтэй болгосон. Ажлын байраа хамгаалах санхүүжилт шаардлагатай болсон аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөгүй тохиолдол олон. Ийм нөхцөлд аж ахуйн нэгж, иргэнийг санхүүжилтээр дэмжих нэг арга нь зээлийг батлан даах байдаг. Хэрэв зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол өмнөөс нь төлөх зохицуулалт.
Цар тахлын үед батлан даалтын сан чухал үүрэгтэй болсон. Учир нь санхүүгийн дутагдалтай аж ахуй нэгж, иргэн хямралд хамгийн түрүүнд өртдөг. Тиймээс дэлхийн 80 гаруй улс Зээлийн батлан даалтын хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тэгвэл манайх мөн ялгаагүй нэг тэрбум хүртэл төгрөгт батлан даалт гаргадаг байсан бол 2022 оноос хоёр тэрбум болгож нэмэгдүүлжээ. Гэхдээ Засгийн газар энэ зээл яг эзэндээ очиж байна уу гэдэгт мониторинг хийх шаардлагатай аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин