Эхлэл улс төр Монгол, Герман инженерүүдийн хамтран бүтээсэн технологийн шийдлийг ашиглан агаарын бохирдлыг бууруулна

Монгол, Герман инженерүүдийн хамтран бүтээсэн технологийн шийдлийг ашиглан агаарын бохирдлыг бууруулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль хамтран Цэвэр агаартай гэр хороолол – Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2018.11.30)Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн инженерийн факультетийн декан, доктор, профессор Гунтер Штер болон албаны бусад хүмүүс, тус хорооны иргэдийн төлөөлөл оролцов.

Улаанбаатар хот агаарын бохирдол хамгийн их үедээ ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын стандартаас даруй 35 дахин өндөр байдаг. Нийт агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллын яндангаас гарч буй утаа эзэлж байна. Агаарт ялгарч буй утааны гол бохирдуулагч нь нарийн тоосонцор байдаг бөгөөд үүнээс үүдэн уушгины хорт хавдар, зүрх судасны өвчнөөр нас барах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Иймд Монгол, Германы инженерүүдийн хамтран бүтээсэн “Электростатик тортог баригч”-ийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 100 өрхөд туршиж эхэллээ. Уг төхөөрөмж нь гэр болон байшинд аль алинд нь тохиромжтой, янданд суурилуулах зориулалттай юм. Туршилтыг дээрх 100 өрхөд өвлийн турш хийж, хавар үр дүнг шалгахаар төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд талбайн тест болон агаарын бохирдлыг хэмжин анализ шинжилгээг хийх юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Манай Сонгинохайрхан дүүргийн 7,9,24,25 дугаар хороо нийслэлийн хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт ордог. Агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зуух, түлш тарааж байсан ч үр дүнгүй байсаар байна. Энэ удаагийн төсөл Европт хэдийнэ туршигдсан технологийг Монгол, Герман инженерүүд хамтран монголын хөрсөнд буулгах, газар дээр нь туршиж, сайжруулах боломжтой учраас амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Монголдоо өөрсдөө үйлдвэрлэж, болохгүй зүйлийг нь тухай бүрт нь засаж шинэчилнэ. Хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээг цаг алдалгүй авна гэдэг том давуу тал. Энэ төслийн үр дүн амжилттай болоход эсэхэд иргэдийн оролцоо туйлын чухал юм. Хэмжилт хийх цаг тухайд нь хэмжилтээ хийж, хамтран ажиллахын иргэд Та бүхнээсээ хүсье” хэмээн онцлов.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел агаарын бохирдлыг бууруулах, шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн дулаан алдалтыг бууруулах зорилгоор 64 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

Электростатик тортог баригч нь цахилгаанаар ажиллана. Янданд суурилуулснаар утаанд агуулагдаж байгаа нарийн ширхэгт тоосонцор уг тортог баригчаар дамжин цугларч, бие биетэйгээ наалдан том хэмжээтэй хөө тортог болох юм. Энэ хөө тортогийг гар аргаар цэвэрлэх боломжтой бөгөөд тогшиж унагаагаад хаяна. Ингэснээр гэр хорооллын яндангаас гарч буй утаанаас үүсэх агаарын бохирдол мэдэгдэхүйц буурахыг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн инженерийн факультетийн декан, доктор, профессор Гунтер Штер танилцуулгадаа дурдлаа.

Тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд хамтран Цэвэр агаартай гэр хороолол – Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” төслийн тортог баригчийн туршилтын загварыг өнгөрөгч 6 дугаар сард техникийн хувьд бүрэн ажиллаж байгааг баталгаажуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here