Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улстөрийн галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Галт тэрэгний аяллыг, жинхэнэ зорчигч тээврийн хөдөлгөөнийг УБ төмөр замынхан удирддаг бол энэ удаад эрх баригч МАН-ынхан чиглүүлж буй. Аяллын гарааны зүтгүүрийн машинистаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын Ж.Мөнхбат ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг шуурхай байгуулан цуврал гурван хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулж байна. “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг:
- 5.23-ны даваа гарагт болж Эрдэмтэн судлаач, хуульчид оролцлоо.
- 5.25-ны лхагва гарагт болж Улс төрийн 20-иод намын төлөөлөл оролцлоо.
- 5.27-ний баасан гарагт 1992 оны Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд болон УИХ-ын экс гишүүд оролцоно.
Хэлэлцүүлэг тус бүрийн өмнө, УБ төмөр замын галт тэрэг хөдлөхийн өмнө чанга яригчаар тийм чиглэлийнх хэмээн зарлан таниулдагтай агаар нэгэн адилаар хэлэлцүүлгийг зохион байгуулагчид “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болсон тайван цуглаанд оролцсон иргэдийн төлөөллөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын нийт гишүүдэд ирүүлсэн шаардлагыг уншиж хэлэлцүүлэгт оролцогчдод сонордуулан тэдний ярих сэдвийг чиглүүлнэ. 100 гаруй мянган хүн дэмжиж гарын үсэг зурсан гэх шаардлага нь
___УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, ингэхдээ хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болгох;
___Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох;
___Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх;
___Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол хил хязгааргүйгээр нэгтгэснээр орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх;
___Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болгох гэсэн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан байна. Мөн УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх эсэх;
___УИХ-ын гишүүд сайдын албан тушаал хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх эсэх;
___Улсын Их Хурлыг хамтын хариуцлага хүлээлгэж, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч тараах бодит боломжийг бүрдүүлэх эсэх;
___Ерөнхийлөгчийг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгон ирүүлсэн зохих тооны төлөөлөгчдийг оролцуулан УИХ-ын өргөтгөсөн чуулганаас сонгох эсэх зэрэг асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлж, зохих санал, дэмжлэгийг авсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэх гэсэн үг өгүүлбэртэй.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улстөрийн гарааны галт тэрэгний зүтгүүрийн машинист, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын дарга Г.Занданшатар манай Ажлын ажлын хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар энэ тавдугаар сарын 30-ны даваа гаргийн дотор дүгнэлтээ танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. УИХ-ын дарга болон Даргын зөвлөлд 30-ны дотор дүгнэлтээ танилцуулснаар цаашид үргэлжлэх үйл явц тодорхой болно” гэж ярилаа. Харин хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр албан ёсны Чиглүүлэгчээр ажилласан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах дүгнэлт гарвал хуулийн төслийг УИХ-ын нийт 76 гишүүний дөрөвний нэг буюу 19-өөс доошгүй тооны гишүүн хамтран өргөн барих ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалт бүр нийт гишүүний дөрөвний гурав буюу 57 гишүүнээс цөөнгүй гишүүний дэмжсэн саналаар батлагддаг” хэмээн тодруулга тайлбар хийлээ.
Нэгэнт хөдөлсөн улс төрийн галт тэрэгний аялал буюу УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улс төрийн үйл явц энэ удаагийн Хаврын чуулган өндөрлөх 6 дугаар сарын 28-аас өмнө амжиж өндөрлөх магадлалтай боллоо.
Дашрамд, Үндсэн хуульд өөрчлөлт орохтой холбоотой Монгол Улсын хуулийн зарим заалтыг танилцуулья.
Үндсэн хууль: _УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна. _УИХ-ын гишүүнийг МУ-ын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.
Үндсэн хуульд Нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль: _УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. _Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно. _УИХ төслийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. _Хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал УИХ өөр асуудал хэлэлцэхгүй.
УИХ-ын сонгуулийн тухай хууль: УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль: _Нэгдсэн хуралдаанаар зөвхөн холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан хуулийн төслийг хэлэлцэнэ. _Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дараах 4 үе шаттайгаар хэлэлцэн батална:
- хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг;
- хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг;
- хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг;
- хуулийн төслийг эцэслэн батлах.