Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам УИХ-аас зургадугаар сарын 28-нд шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын /ҮИБН/ тухай хуулийн дагуу боллоо.
Харин энэ зун зургаан аймаг, хоёр дүүргийн, нийт найман Засаг дарга тус хуулийн 17.1.1-д заасан “хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах” бүрэн эрхээ хөсөрдүүлэн аймаг, дүүргийнхээ баяр наадмыг хуульд заасан хугацаанд зохион байгуулсангүй.
ҮИБН-ын тухай хуульд, 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн баяр наадмыг, онцгой нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар хугацааг нь өөрчилж тогтоогоогүй бол 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж заасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газар энэ удаад хуулийн 5.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарим аймгийн байгуулагдсаны тэгш ой тохиож буйг “онцгой нөхцөл байдал” гэж үзэж наадмын хугацааг нь 7 дугаар сарын 10,11-ний өдрөөс өөрчилж тогтоосон.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй Засгийн газрын 222 тоот тогтоолоор наадмын хугацаа нь өөрчлөлтөд хамрагдаагүй зарим аймаг, дүүргийн Засаг дарга нар ҮИБН-ын тухай хууль, МУ-ын Засгийн газрын тухай хуулийг зөрчиж тухайн харьяалах газрынхаа баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-нд бус өөр өдөр тэмдэглэж зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүрэн эрх мэдэлд халдаа. Эрх мэдлийн босго давж алхсан Засаг дарга нарыг танилцуулъя. /наадмын хугацааг Дэвжээ мн сайтаас авлаа/
- Баян-Өлгий аймгийн Д.Бауыржан (аймгийн наадам 11-нд эхэлсэн)
- Булган аймгийн Б.Ариун-Эрдэнэ (аймгийн наадам 11-нд эхэлсэн)
- Говь-Алтай аймгийн О.Амгаланбаатар (аймгийн наадам 11-нд эхэлсэн)
- Говьсүмбэр аймгийн Г.Батзам (аймгийн наадам 11-нд эхэлсэн)
- Увс аймгийн Ч.Чимэд (аймгийн наадам 11-нд эхэлсэн)
- Хэнтий аймгийн Ц.Чогсомжав (аймгийн наадам 11-нд эхэлсэн)
- Багануур дүүргийн С.Даваасүрэн (дүүргийн наадам 09-нд эхэлсэн)
- Багахангай дүүргийн С.Эрдэнэбаяр (дүүргийн наадам 21-нд эхэлсэн)
Аймгийн Засаг нарт баяр наадмын хугацааг өөрчлөх эрх байгаа. Гэхдээ зөвхөн сумын баяр наадмын хугацаатай холбоотой эрх мэдэл. ҮИБН-ын тухай хуулийн 5.3-т Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан 7 дугаар сарын 10, 11-наас өөр өдрүүдэд сумын баяр наадмыг тэмдэглэх бөгөөд сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно гэж заасан. Дээр дурдсан Засаг дарга нарыг Ковидын цар тахлаас болж жил өнжөөд хийсэн наадмын баярын уур амьсгалд автагдаж аймаг, сумаа ялгахаа байтлаа дэн дун болсон гэхэд хаашаа байна вэ? Засаг дарга нар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгэнд ордоггүй юм гэхэд МУ-ын хуулийн үгэнд орох ёстой. Ер нь санаатай, санамсаргүйгээр хууль зөрчсөн хэн боловч иргэн байна уу, Засаг дарга байна уу гэдгээс үл хамаарч хариуцлага хүлээх учиртай.