Ардчилсан намынхны эвлэрлийн уулзалт гээчийг Ц.Элбэгдорж, Б. Хурц нар санаачилж саяхан зохион байгуулсан талаар АН дотроос амтай бүхэн ярьсан. Гэвч тус уулзалт нь эвлэрлийн уулзалт байгаагүй нь төд удалгүй ил болж байх шиг байна. С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан нийлээд Үндэсний бодлогын хорооны хурлаа тусдаа хийсэн боловч өөр хоорондоо хэл амаа ололцож эвлэрэх нь бигий хэл бөөн хэрүүл шуугиан болж “бидон” Ганбатыг тус хорооны дарга болгосноос өөр үр дүнгүй таржээ. Тэр хуралд Ц.Элбэгдорж бас давхиад оччихсон баахан “цэцэрхэж” байгааг ч сошиалаар зогсоо зайгүй сэвж байна. Эбэг одоо дэмжиж байгаа хүн үнэндээ алга болсон гэдэг нь хүмүүсийн сэтгэгдлээс шууд харагдана.
МАНАН-ын гол хүмүүс гэгдэх Ц.Элбэгдорж, Б. Хурц нар сүүлийн үед гэнэт ингэж улс орноо авраачийн дүрээр олон нийтэд ил гарах болсон нь тохиолдлынх бус аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний нэн тэргүүний зорилго бол Ардчилсан намын удирдлагыг гартаа авах, бас хэсэг хугацаанд “ичээнд” байсан МАНАН бүлэглэлийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх явдал. Энэхүү дабль тактикаа хэрэгжүүлэхээр тэд нэгэнт улайрсан байна. Улс төр, бизнес, хууль хяналт, шүүх дамнасан МАНАН бүлэглэл одоо ч амь бөхтэй оршсоор байгааг өдгөө бараг хүн бүхэн мэддэг болсон. Улс орон эдийн засгийн хүндрэлтэй, дэлхий дахинд геополитикийн асуудал үүссэн ийм тогтворгүй цаг үеийг тэд овжноор ашиглахаар шийдэв үү? Ер нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нар МАНАН бүлэглэлээ амилуулах нь хэнд ашигтай вэ? Тэд лав ард түмнээ бодож гэнэт “хэлд орсон” гэхэд итгэх хүн ховор байна. Харин “МАНАН-гийн нохойнууд юу сэдэх гээд байна” хэмээн хардаж сэрдэх хүн олон байна. Өөрсдийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхээр санаархаж байгааг нь хүмүүс ил цагаан ярьцгааж байна.