Эхлэл Хууль Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хариуцлага ярихгүй

Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хариуцлага ярихгүй

Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрийг танилцууллаа. Өнгөрсөн онд 106 мянга 932 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, анхан шатны шүүх 2022 онд эрүүгийн 14202 хэрэг, иргэний 57633 хэрэг, захиргааны 2096 хэрэг, зөрчлийн 24 мянга 116 хэрэг нийт 98 мянга 47 хэргийг хянан шийдвэрлэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 2022 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцэж, тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

834 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Өнгөрсөн онд нийт 98047 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад эрүүгийн 17.7 хувь, иргэний 26.8 хувь,захиргааны18.8 хувь, зөрчлийн хэрэг 9.9 хувиар нэмэгджээ. Мөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн гэдгийг албаныхан хэлэв.

2022 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21.8 хувь, бусдыг залилах гэмт хэрэг 10.7 хувь, зам, тээврийн ослын гэмт хэрэг 36.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байгааг мөн хэллээ.
Энэ үеэр Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх 80 гаруй холбогдогч, 257 оролцогчтой, 490 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн.

 

Шүүх тус хэргийг хүлээн аваад хуулийн дагуу ажиллагаа хийж байна. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдний өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарсан. Энэ тооны оролцогчтой урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шүүхийн байр байхгүй.Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр болсон. Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиглагчаар оролцоно. Нэрсээ бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөтэй нэвтрэх боломжтой. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудал, эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудал хэлэлцэхгүй. Яллагдагч болон өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах ажлыг хэлэлцэнэ гэсэн үг” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here