Баянхонгор аймагт гурван өдрийн турш үргэлжлэх “Нээлттэй Баянхонгор” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт сүргийн эзэд-1000” чуулган, “Соёлын сэргэлт” аян, “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” арга хэмжээ, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нэгэн зэрэг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Баянхонгор аймаг нь 20 сум, 105 баг, 89643 хүн амтайгаас 25 хувь нь малчин айл өрх юм. Газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон гурван бүсийн нутагтай учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн зонхилох хувийг бүрдүүлж байгаа малчид, тариаланчид бол үйлдвэрлэгч, бас ажил олгогчид юм. Иймд тэдгээр хүмүүсийн үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, тэгш хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг тогтолцооны шинэчлэлээр дэмжихэд анхаарч байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Уг зорилгын хүрээнд “Монгол Улсын эдийн засгийн тулах цэг бол мал аж ахуй” сэдвийн дор Баянхонгор аймгийн бүх сумдын төлөөлөл бүхий 1000 малчин анх удаа чуулж байна.
“Эрдэнэт сүргийн эзэд-1000” чуулганаар “Монгол малын ашиг шимийг яаж өсгөх вэ”, “Малчдын хоршоолол, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн оновчтой бий болгох вэ”, “Малчдад ямар асуудлууд тулгамдаж байна вэ” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл илтгэл танилцуулж, хамтдаа хэлэлцлээ. Чуулганы эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчдын нийгмийн асуудалд чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, инновацлаг мал аж ахуйг хөгжүүлэх санаачилгаасаа хуваалцлаа. Манай улсын нийт мал сүргийн тоо өнгөрсөн оны байдлаар 71.1 саяд хүрсэн хэдий ч малын ашиг шим буурсан, бэлчээрийн хомсдол, үйлдвэрлэл экспорт, хоршооллын нэгдсэн зохион байгуулалтад болон малчдад тулгамдаж асуудлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганд тавьсан илтгэлдээ хөндсөн юм. Түүнчлэн, 15-34 насны малчид ердөө 28 хувийг эзэлж байгаа нь малчдын залгамж халаа жилээс жилд алдагдаж байгаагийн илрэл юм гэв.
УИХ-ын дарга, Мал аж ахуйн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 13.2 хувь, нийт экспортын 5 хувийг эзэлж байгаа нь салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа бол бэлчээрийн даац 2.7 дахин өссөн нь бидэнд малын тоо биш, ашиг шим, таваарлаг чанарыг чухалчлах цаг болсныг сануулж байна гээд мал аж ахуйг үйлдвэрлэл-экспортод шилжүүлэх санаачилгыг дэвшүүлсэн юм.
Ингэхдээ бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлалт чанарыг алдагдуулахгүй байж, малчдыг өмчлөгч, эзэмшигч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болгоход чиглэнэ гэдгийг онцолж байв. Тэрбээр, мал аж ахуйн тогтолцооны шинэчлэлийг хийх хамгийн тохиромжтой хэлбэр нь манай улсын түүхэн дэх сум нэгдлийн тогтолцооны ололттой туршлагыг дэлхийн бусад орны дэвшилтэт шийдэлтэй хослуулах явдал мөн гэж дурдлаа.
Өөрөөр хэлбэл малчдад хөдөлмөрөөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч болгоход чиглэж байгаа гэдгийг тодотгов. Чуулганы үеэр, бусад илтгэгчид “Малын эрүүл мэнд, эмийн зохистой хэрэглээ, хүнсний аюулгүй байдал”, “Мал, махны зах зээлийн шинэ боломж”, “Тэжээл, эрдэс бүтээгдэхүүний ач холбогдол, үр дүн, “Залуу малчдад тулгарч буй асуудлууд”, “Хоршооллын ач холбогдол”, “Ноос ноолуурын хоршооны туршлага”, “Бэлчээрийн МАА-н үйлдвэрлэлийн механикжуулалт, цаашдын хандлага” зэрэг сэдвүүдээр салбарын судлаачид, бодлого тодорхойлогчид, малчид ард иргэдийн төлөөлөл санал солилцлоо. Энэ үеэр мөн “Хууль сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэд, олон нийтэд төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дороос хүргэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.