Дэлхийн хамгийн нэр хүндтэйн нэгд тооцогддог Нобелийн шагналын эздийг жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийн даваа гаргаас эхлэн салбар бүрээр нь өдөр дараалан шалгаруулж нэрийг нь албан ёсоор зарладаг. Шведийн нэрт эрдэмтэн химич, инженер Алфред Нобелийн /1833-1896/ захиж гэрээсэлснээр “Өмнөх жилүүдэд нь хүн төрөлхтөнд агуу их нэмрийг оруулсан хүнд” олгодог нийт зургаан салбарын тавыг нь Швед улс, нэгийг нь буюу Энхтайвны Нобелийн шагналыг Финланд улс шалгаруулдаг.
Уламжлалт журмын дагуу Шведийн Нобелийн хорооноос 10 дугаар сарын 2-ны даваа гарагт 2023 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтныг тодруулж нэрийг нь зарлалаа. 2023 оны анхны Нобелийн шагналыг Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар COVID-19-ийн эсрэг үр дүнтэй вакцин бүтээхийг замчилсан нээлтүүдийнхээ төлөө хүртлээ.
2023 оны Нобелийн шагналтан тодрох өдөр
__ 10 дугаар сарын 2. Физиологи, анагаах ухаан / Каталин Карико, Дрю Вайсман/
__ 10 дугаар сарын 3. Физик
__ 10 дугаар сарын 4. Хими
__ 10 дугаар сарын 5. Утга зохиол
__ 10 дугаар сарын 6. Энхтайван
__ 10 дугаар сарын 9. Эдийн засаг
Ташрамд хэлэхэд, дээр дурдсан эхний таван салбарын шагналыг Алфред Нобелийн гэрээслэл ёсоор 1901 оноос жил бүр өгч ирсэн. Шагналын мөнгийг түүний өвлүүлж үлдээсэн Нобелийн сангийн хөрөнгөөс гаргадаг. Салбар тус бүрийн Нобелийн шагналтан 11 сая крон /986 мянган ам.доллар/ хүртдэг. Харин Эдийн засгийн Нобелийн шагналыг 1969 оноос өгдөг болсон. Шведийн банкны санаачилгаар бий болсон тус салбарын шагналтны мөнгөн шагналын 11 сая кроныг Нобелийн өвийн сангаас бус Шведийн банк хариуцаж гаргадаг.
10 дугаар сарын эхний долоо хоногийн ажлын таван өдөр, хоёр дахь долоо хоногийн даваа гарагт тодорсон 2023 оны Нобелийн шагналтнууд өргөмжлөл, мөнгөн шагналаа уламжлалын дагуу эрдэмтэн Алфред Нобелийн нас барсан өдөр 12 дугаар сарын 10-нд гардан авна.